Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хэвэнгийн нарийны ам гэх газарт энэ сарын 1-нд түймэр гарчээ. Машин, техник хүрэх боломжгүй сарьдагт дэгдсэн учир алба хаагчдыг түймрийн голомтод нисдэг тэргээр хүргэх шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өчигдөр гаргажээ.
Газар дээрх нөхцөл байдлыг аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бямбасүрэнгээс тодруулахад “ОБЕГ-ынхан сансрын зургаас түймрийг илрүүлж, орон нутаг руу мэдэгдсэн. Үүний дагуу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчаар ахлуулсан 11 иргэн голомт руу нь мориор явсан.
Уг газар нь сумын төвөөс хойд зүгт 230 км-т оршдог, мориор явахад 3-4 хоног зарцуулах учраас орон нутгийн удирдлага ОБЕГ-т нисдэг тэрэг ирүүлэх хүсэлт тавьсан. Үүний дагуу ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, тус газрын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан алба хаагч, шүхэрчин-гал сөнөөгчид өнөөдөр (өчигдөр) ирлээ. Онцгой байдал, хил хамгаалах байгууллага, орон нутгийнхан нийлсэн 63 хүн түймрийг цурманд оруулахаар ажиллаж эхэллээ. Сансрын зургаас ойролцоогоор 500- 600 га газрыг хамарсан гэж таамаглаж байна” гэлээ.