Өнгөрсөн долоо хоногт Монгол хүний хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг дэлхийн тавцанд гайхуулсан ахмад тамирчид маань өнөө өглөө эх орондоо ирлээ. Тухайлбал, гуравдугаар сарын 24-нөөс 30-ны хооронд Польш улсын Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-нд манай тамирчин, ОУХМ Ц.Раднаа гурван алтан медаль, 81 настай ОУХМ Т.Цэрэндолгор нэг алт, гурван мөнгөн медальтай ганзага дүүрэн ирсэн юм. Ц.Раднаа гуай дэлхийн аварга Японы тамирчин Танака Хирог ялж, алтан медалийн болзол хангасан төдийгүй дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Эрэгтэйчүүдийн 400 метрт гүйн, бариандаа орж ирчихээд Монгол Улсын төрийн далбаагаа мөрөндөө намируулан стадион тойрон гүйж байгаа бичлэг олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан. Нас бол тоо гэдгийг үгээр бус үйлдлээр үлгэрлэж чадсан түүнтэй ярилцсанаа хүргэе.
Тэрбээр удахгүй болох мастерсын олимпод хурд хүчээ сорих том зорилго өвөртлөн явж буйгаа бидэнтэй хуваалцсан юм.
-Дэлхийн аваргын тэмцээнээс гурван алтан медаль хүртээд, тив, дэлхийн тавцанд төрийнхөө дууллыг эгшиглүүлээд ирлээ. Энэхүү баярт мөчөө Монголчуудтайгаа, хайртай гэр бүлийнхэнтэйгээ хамт хуваалцаад сууж байхад ямар мэдрэмж төрж байна вэ?
-Сайхан угтаж авсан Монголын ард түмэн, төр засагтаа маш их баярлалаа. Мөн намайг үргэлж дэмжиж, ар талыг минь хариуцаж байдаг гэр бүлийнхэн болоод хоёр дүүдээ талархаж явдгаа хэлмээр байна.
-Дэлхийн аваргын тэмцээнд хэд дэх удаагаа оролцов. Өмнө нь ямар амжилтуудыг гаргаж байсан бэ?
-Олон улсын тэмцээн гэвэл Япон улсад зохиогдсон хоёр тэмцээнд хурд хүчээ сорьж байлаа. Сүүлд, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Японы Нара хотод зохиогдсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Харин сая Дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцоод гурван алтан медаль хүртэж, дэлхийн рекордыг эвдлээ.
-Тэгвэл олон улсын тэмцээний салхиа хэдэн онд хагалж байв?
-2017 онд Япон улсад зохиогдсон тэмцээнд анх удаа орж байлаа. Тухайн үед шөрмөс татаад төдийлөн амжилт үзүүлж чадаагүй юм.
-Хөнгөн атлетикийн мастерсын улсын аварга шалгаруулах тэмцээнд 80-85 насны ангилал гэж байдаггүй учраас өөрөөсөө 10 гаруй насаар дүү буюу 70-аас дээш насныхантай өрсөлддөг байсан шүү дээ.
-Тэмцээнд надтай ижил 80 настай хүн олддоггүй, хамгийн багадаа 70 настай хөгшчүүлтэй уралддаг байсан юмдаг. Хамгийн сүүлд Архангай аймагт болсон улсын АШТ-нд өөрөөсөө 15-16 насаар дүү хүмүүстэй уралдаад гурван алт, нэг мөнгөн медалиар энгэрээ мялаагаад ирж байлаа. Гэхдээ тэдэнтэй уралдсанаар миний ур чадвар дээшилж, сэтгэл зүйд ч сайнаар нөлөөлсөн гэж боддог.
-Улсынхаа “түрүү”-г алддаггүй байсан таны хувьд тив, дэлхийн шилдгүүдтэй хурд хүчээ сориод үзчих юмсан гэж бодогддог байсан байх. Үүнээс өмнөх жилүүдэд яагаад оролцдоггүй байсан юм бэ?
-Монголын хөнгөн атлетикийн спортын гавьяат тамирчин Д.Намжилмаа аваргатай хамт Японд тэмцээнд орж байсан юм. Тэр үед нэлээд гэмтэлтэй байсан болохоор медалийн болзол хангаж чадаагүй. Харин өнгөрсөн онд Японы Нара хотод болсон ахмадын хөнгөн атлетикийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоныхоо дараа дэлхийн тэмцээнд орж болох юм байна даа гэсэн итгэл төрсөн. Ингэхдээ 100, 200 метрийн гүйлт, уртын харайлт, 60 метрийн саадтай гүйлт надад тохирох юм байна гээд сонгож авсан нь онож энэ төрлүүддээ алтан медалийг нь “хамж” авчирлаа.
-400 метрийн төрөлд алтан медалт хүртэж, тэмцээнийхээ гарааг маш сайхан эхлүүлсэн. Хамгийн гол нь Японд болсон тэмцээнээр гүйцэж чадаагүй дэлхийн аварга тамирчныг ДАШТ-нд гүйцэж чадсан нь таны хувьд хамгийн баярт мөч байсан байх.
-Тэгэлгүй яахав. Японд байхдаа дэлхийн аварга тамирчин байсныг нь ч мэдээгүй, саяхан л мэдсэн юм. Тэр үнэхээр мундаг тамирчин. Хөнгөн шингэн ч гэж жигтэйхэн. Түүнийг дийлсэндээ хамгийн баяртай байсан. Хэрвээ би сүүлийн тэмцээн дээр алдаа гаргаагүй байсан бол дөрвөн алтан медальтай ирэх байлаа.
-Та түрүүн замын хажуу руу гишгэснээс болж нэг мөнгөн медалиа дөрөвдүгээр байранд орсон тамирчинд өгсөн гэсэн. Таны медалийг хураагаад авчихсан юм уу, эсвэл та өөрөө бэлэглэсэн юм уу?
-Тив, дэлхийн аливаа тэмцээнд оролцож байхад тамирчид техникийн алдаа гаргах нь бий. Хэрэв тийм тохиолдолд байрыг дараагийнхад эсвэл түүний дараагийн тамирчинд өгдөг журамтай. Хоёр зураасны дунд л гүйх ёстой. Гэтэл би бүдрээд унахын алдад хажуу зам руу үл ялиг хазайгаад орчихсон нь бичлэгээр нотлогдсон учраас медалиа хураалгасан.
-Хөнгөн атлетик хэмжигдэхүүнтэй спорт учир тамирчид урьд урьдын тамирчдын гаргасан амжилтуудыг хараад, секунд, зайгаа тооцоолдог гэсэн. Гэхдээ таны хувьд дэлхийн аваргын тэмцээн анхных шүү дээ. Иймд 3-4 төрөлд амжилт гаргаж чадах юм байна гэсэн тооцоолол байсан уу?
-Орон орны тамирчдын гаргасан амжилтуудыг жагсаасан ном бий. Тэндээс тамирчдын амжилт, рекордууд, биеийн өндөр зэргийг харж болно. Тэнгэр баганадсан өндөр хүмүүстэй уралдсан шүү дээ. Зөвхөн Японы тамирчин л надтай өндөр намаараа ижил байсан. Түүнийг л ялчихвал түрүүлэх юм байна гэж бодогдсон. Тухайн үед дэлхийн аварга болно, рекорд шинэчилнэ гэж огт бодогдоогүй. Зөвхөн медаль л бодогдоод байсан.
-Японы тамирчин Танака Хиро 400 метрийн төрөлд таны гол өрсөлдөгч байсан байх. Өмнө нь түүнтэй өрсөлдөөд гаргаж байсан алдаагаа хэрхэн засав. Бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Шаргуу хөдөлмөрлөсөн дөө. Надад дөрөв, найман кг-ийн туухай бий. Түүнийг өргөөд өдөр бүр дасгал сургуулилт хийдэг. (Үүрийн 3-4 цагт ч хамаагүй бэлтгэлээ хийсээр байдаг гэдгийг хүү нь гэрчилж байсан юм) Үүнээс гадна өглөө бүр 06.00 цагт Зайсангийн шатаар гүйж гардаг байсан нь бэлтгэлд их нөлөөлсөн. Зайсан толгойн бүх шатыг нэг ч амралгүйгээр өгсөж гардаг юм шүү дээ.
-Таныг хүүхдүүдээ өглөө 06.00 цагаас хуу хамж босгоод, гүйлгэж, дасгал хийлгэдэг байсан гэсэн. Хүүхдүүддээ юуг голчлон захидаг вэ?
-Тэгэлгүй яахав. Өглөө эрт босвол хүн тухайн өдрийг сэргэлэн, эрч хүчтэй өнгөрүүлдэг. Архи, тамхи хэрэглэхгүй, дасгал хөдөлгөөнтэй байхыг л хүүхдүүддээ захидаг даа. Энэ л эрүүл амьдралын гол зарчим.
Манайх адуу их уядаг айл. Асар их хөдөлгөөн шаарддаг “спорт” шүү дээ.
-Та бүхий л амьдралаа хөнгөн атлетикийн спортод зориулж яваа хүн. Хэзээ анх энэ спортод хөл тавьсан бэ?
-Багаасаа гүйх их дуртай хүүхэд байлаа. Цагаан зээрийн янзага хочтой. Бага ангид байхдаа ангийнхаа хүүхдүүдтэй хөл нүцгэн уралдаад түрүүлдэг байж. Их хурдан байсан болохоор ангийнхан маань тэгэж хочилдог байсан байх. 1964 онд Тамирын дээд сургуульд Багш-дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн. Үүнээс хойш улсын тэмцээнд жил алгасалгүй ордог болсон юм.
-Та улсын рекордыг шинэчилж байв уу. Улсын тэмцээнээс хэдэн медальтай вэ?
-Надаас өмнө спортын том акулууд байсан болохоор улсын дээд рекордыг эвдэж чадаагүй. Харин нэлээдгүй одон, медалиуд бий.
-Тэр үед тантай хэн хэн өрсөлддөг байв?
-Тулгаа, Дамдинсүрэн зэрэг надтай хамт Тамирын дээдийг төгссөн сайхан, сайхан залуучуудтай өрсөлддөг байсан. Мөн Хэнтий аймгийн Цагаан, Говь-Алтай аймгийн тамирчид гээд одоо үеийг бодвол өрсөлдөгч ихтэй байсан шүү.
-Харин одоо хөнгөн атлетикийн спортыг ахмад үеийнхэн авч явж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Энэхүү спортоор хичээллэдэг залуу үеийнхэн ховор шүү дээ. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Нэгдүгээрт, манай улсад зориулалтын бэлтгэлийн талбай байхгүй. Зун, намрын улиралд гадаа бэлтгэл хийгээд болоод байдаг юм. Харин өвөл, хавартаа хэцүү шүү дээ. Өвөл нь хөлдөөчих гээд, хавар нь шороо шуураад байдаг. Спортын заал бараадах гэхээр олдоц муутай. Энэ төрлийн спорт хөгжихгүй байгаа нь бэлтгэлийн талбай байхгүй байгаатай холбоотой. Тэрнээс биш манайд мундаг сайн дасгалжуулагч нар бий. Хэрвээ Польш улсад зохиогдсон тэмцээний стадион шиг 200 метрийн талбайтай зориулалтын газар бариад өгчихвөл хөнгөн атлетик хөгжих бүрэн боломжтой.
-Хөнгөн атлетикийн спортын төрөл их олон янз. Таны гол амжилт гаргадаг төрөл юу вэ?
-Ойрын зайн гүйлт л юм даа. 60, 100, 200, 400, 800 метрийн гүйлтийн төрөлд голдуу амжилттай байдаг.
-Тамирчин бүр дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсдэг. Таны хувьд 85 насандаа мөрөөдлөө биелүүлж чадлаа. Гэхдээ залуу насандаа энэхүү мөрөөдлөө биелүүлж, олон улс, дэлхийн тэмцээнд өрсөлдөх боломж, бололцоо байгаагүй юм уу?
-Би 1954 онд Зоонозын техникумыг Малын аргазүйч мэргэжлээр төгссөн. Энэ үедээ спортоор огт хичээллэдэггүй, мэддэг ч үгүй байлаа. Ингэж явсаар 28 насандаа Багшийн дээдийн биеийн тамирын сургуульд орж, спортод хөл тавьсан хүн дээ, би. Тийм болохоор олон улсын тэмцээнд оролцох боломж байгаагүй юм. Тамирчин хүнд хамгийн чухал зүйл нас болон цаг хугацаа шүү дээ.
-Таныг Японы Нара хотод болсон тэмцээний үеэр хөлөө гэмтээсэн гэж байсан. Чухал тэмцээний өмнө бэртэл авчихсан болохоор их сандарч байв уу?
-Тэмцээн рүү явахын өмнөхөн эмчид үзүүлтэл өвдөгний үеэр яс ургах маягтай болсон байна гэж хэлсэн. Нас өндөр болоод ирэхээр яс сийрэгжих өвчин тохиолддог шүү дээ. Тэр л нөлөөлсөн юм шиг байгаа юм. Тэгээд шуурхай эмчилгээ хийлгэсний үр дүнд зүгээр болсон ч Японы нислэгийн зардал өндөр санагдсан учраас газраар явсан. Улаанбаатараас Бээжин хүртэл автобусаар, цаашаагаа галт тэрэг, усан онгоцоор явсан болохоор их л ядарч очсон доо. Тэмцээн эхлэхээс ганцхан хоногийн өмнө очоод ядарчихсан байгаагийн дээр биеэ олигтой халаах ч боломж байгаагүй. Тэмцээн болох газар ирэхэд 20 гаруй япончууд бэлтгэлээ базаагаад байж байсан. Тэр дундаас гурван япон тамирчин нүдэнд өртөөд, тэр гурвыг хялбархан ялчих юм байна гэсэн бодол төрсөн. Гэтэл маргааш нь шууд 100 метрийн гүйлтэндээ нөгөө “амлаж” авсан гуравтаа ялагдчихдаг байгаа. Шууд л сэтгэл санаагаар унаад, орой нь авч ирсэн борцоороо хоол хийж идчихээд унтаад өгсөн юм. Харин маргааш нь бие ёстой сайхан хөнгөн шингэн босоод ирсэн. Тэр эрчээрээ 200 метрийнхээ гүйлтэд оролцоод, мөнгөн медалийг гартаа атгасан даа.
-Зардлаа хэмнээд газраар явсан гэж байна. Бүх зардлаа хувиасаа гаргадаг уу?
-Тийм ээ. Би улсаас зардлын мөнгө огт авч үзээгүй. Өөрийнхөө тэтгэврийн мөнгөө хуримтлуулна. Дээрээс нь хүүхдүүдээсээ гаргадаг.
-Ярилцсан танд баярлалаа. Залуу тамирчдад хандаж юу хэлэх вэ?
-Монгол залуучуудын амжилт жилээс жилд өсч байна. Бид тэдний амжилтаар бахархаж байна. Тамирчдынхаа амжилтыг хараад надад огших сэтгэл төрдөг. Энэ нь Монгол Улсын амжилт шүү дээ. Тиймээс Монголынхоо бүх тамирчдад талархал илэрхийлье. Та бүгдэд боломж бүрэн бий. 85 настай хөгшин дэлхийн аварга болоод ирлээ. Та нарт ирээдүй бас авьяас байна.Улам их амжилтыг хүсье.