Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл, бичгийн шалгалтын дүн гарлаа. Энэ сарын 23-нд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулсан уг шалгалтын ирц 87 хувьтай буюу 16 мянга орчим элсэгч хамрагдсан байна. Үүнээс 2729 нь буюу нийт элсэгчийн 16.9 хувь нь бүдэрч, бусад нь тэнцжээ.
Өнгөрсөн жилүүдэд уг шалгалтад оролцсон л бол сургуульд элсэх боломжтой байсан. Харин энэ жилээс БСШУС-ын сайдын тушаалаар монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоож, оролцоогүй, эсвэл босго оноог авч чадаагүй бол их, дээд сургуульд элсэхийг хориглосон юм. Босго оноо авч чадаагүй элсэгчдэд боломж олгох үүднээс энэ сарын 20-нд дахин шалгалт авах юм байна.
Хэрэв дахиад тэнцэхгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломж бүрэн хязгаарлагдана гэлээ. Ташрамд дурдахад, энэ удаагийн шалгалтад XII ангийн сурагчдаас гадна өмнөх оны төгсөгчид ч оролцсон бөгөөд хамгийн ахмад нь 56 настай элсэгч байсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Түүнчлэн элсэгчдийн эх хэлээр найруулан бичих чадвар сайн ч монгол бичгээр уншиж, бичих түвшин муу байгааг тэмдэглэв.