Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, нийслэлийн Байгаль орчны болон Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар хамтран зургаан дүүргийн 22 дэлгүүр, зах, худалдааны төвд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдаж буй, эсэхэд өчигдөр шалгалт хийжээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, гарал үүслийг нь тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж буй. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй худалдаж, худалдан авч, тээвэрлэсэн иргэнийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу ан хийсэнтэй адилтган үзэж, Засгийн газраас тогтоосон үнэлгээг хоёр нугалж төлүүлэн, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасны дагуу шийтгэх зохицуулалттай. Тиймээс тусгай зөвшөөрөлгүйгээр зэрлэг ан, амьтдын эд, эрхтэн болон ховор ургамлыг хөдөө орон нутгаас тээвэрлэхгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа. Энэ төрлийн зөрчил буурахгүй байгаа тул ховор ургамал болон ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдаж, худалдан авч, тээвэрлэж байгаа иргэдийг Мөрдөн байцаах албаны 9717-7000, нийслэлийн Байгаль орчны газрын 318003 утсанд мэдээлж байхыг уриалав.
Ташрамд дурдахад, 2012 оны байдлаар хүрээлэн буй орчны 58 хувь нь доройтсон дүн гарч байсан бөгөөд байгаль хамгаалах чиглэлээр бодит алхам, тууштай бодлого хэрэгжүүлэхгүй бол 2020 он гэхэд дээрх тоо 67 хувьд хүрэх эрсдэлтэйг Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан мэдээлсэн.
Хүрээлэн буй орчин доройтох шалтгааны нэг нь зэрлэг амьтан, ургамлын хууль бус агнуур, худалдаа, ашиглалт байдаг гэнэ.