Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр Андрей Михневийг томилжээ. Украины иргэн тэрбээр үүрэгт ажилдаа өнөөдрөөс орж байна. Андрей Михнев тус банкнаас манайд хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийг удирдах бөгөөд эдийн засгийг тогтвортой өсгөх, ядуурлыг бууруулах Монгол Улсын Засгийн газрын зорилтыг багийнхан нь үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахыг тэмдэглэжээ.
Шинээр томилогдсон суурин төлөөлөгч “Ирэх жилүүдэд Монгол Улсад ажиллах болсондоо баяртай байна. Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах талууд, хөгжлийн түншүүд болон Засгийн газартай хамтран ажиллах болно” гэжээ.
Тэрбээр эдийн засгийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд хамгийн сүүлд Ойрхи Дорнод болон Булангийн орнуудын хувийн хэвшлийнхний өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийг удирджээ. Андрей Михнев өмнө нь Латин Америк, Саб-Сахарын Африк, Өмнөд Ази, Хойд Африк, Европ, Төв Азид ажиллаж байсан агаад Киевийн их сургуульд олон улсын эдийн засгийн чиглэлээр профессорын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй.