Г.Равжаа
Цуврал-1
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр дэгдсэн, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголынх боллоо гэх дуулианы чимээ одоо ч анирласаар ирэх сонгуультай золгох нь гарцаагүй болов. Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авсан хөрөнгөө Худалдаа хөгжлийн банкныхан хэний мөнгөнөөс гаргасныг хууль сахиулагчид тогтоохоор ажиллаж буй билээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголын зэс” корпорац эл үйлдвэрийг 400 сая 270 мянган ам.доллароор 49 хувийг худалдаж авахдаа санхүүгийн ямар луйвар хийж, төрийн, татвар төлөгчдийн мөнгөөр хувийн компани авсныг ил болгосон.
Тэрбээр “Эхний 183.6 тэрбум төгрөгийг 2016 оны хоёрдугаар сарын 26-нд Сангийн яамнаас вексель буюу өрийн бичиг бичиж гаржээ. Энэ мөнгө “Кью Эс Си” зэрэг хэд хэдэн компаниар дамжиж “Монголын зэс” буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч Ц.Пүрэвтүвшинд очсон байна. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Аж үйлдвэрийн яамнаас өгсөн 90.3 сая ам.доллар ч мөн л замаар “Монголын зэс”-д очжээ. Харин Монголбанкны тухайд хоёр удаагийн өрийн бичгээр 200 тэрбум төгрөг гаргасан нь “Кью Эс Си” зэрэг компаниудаар дамжин эцсийн дүндээ Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монголын зэс” компанийн дансанд орсон байгаа юм. Мөн Худалдаа хөгжлийн банкнаас барьцаагүйгээр 111.2 сая ам.долларын зээл авсан хэд хэдэн компани зээлсэн мөнгөө өмнөх схемийн дагуу Ц.Пүрэвтүвшингийн дансанд хийжээ. Нэг банк ийм хэмжээний барьцаагүй зээл гаргаснаар актив нь унаж, Банкны тухай хууль ноцтой зөрчигдөж байхад Худалдаа хөгжлийн банкныхан өөрсдөө байтугай, Монголбанк ч давхар хууль зөрчсөн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Төв банк хууль зөрчиж 200 тэрбум төгрөгийн өрийн бичиг бичиж өгөөд зогсохгүй Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.доллар компаниудад барьцаагүй зээлснээс яг найм хоногийн дараа тус банкинд 13 тэрбум төгрөгөөр зузаатгал хийсэн байна. Хөгжлийн банкны тухайд 71.3 сая ам.долларыг “Кью Эс Си”, 51.3 сая ам.долларыг “Хөтөл цемент” компанид зээлсэн нь эцсийн дүндээ өнөөх схемээр дамжин Ц.Пүрэвтүвшинд очсон. Энэ бүгдээс харахад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан гэх 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан” хэмээсэн юм.
ЗГХЭГ-ын дарга хэмээх төрийн хариуцлагатай албан тушаалтны тайлбарлаж буйгаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49-ийг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, “сахал” хэмээх Должингийн Эрдэнэбилэг гэх нууц ноёнтонтой “Монголын зэс” компанийнхан худалдаж авсан нь яалт ч үгүй луйвар аж.
Тухайн үеийн Сангийн болон Аж үйлдвэрийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк зэргээс зээл авснаа бүгдийг нь Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монголын зэс”-д шилжүүлсэн “Кью Эс Си”, “Хээдвей трейдинг”, “Пик девлопмент”, “Канетик”, “Рийвер стөүн”, “Юнайтед энержи” гэсэн компани бүгд Д.Эрдэнэбилэгтэй холбоотой нь тогтоогдсон билээ.
Банкуудтай хууль бус хэлцэл хийснээ “Маш нууц” хэмээн хав дарж байв уу
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст гурван багц үндэслэлээр шалгаж буйг тус хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар энэ сарын 25-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.
Нэгдүгээрт багц асуудал нь арилжааны банкнуудад Монголбанкны зардал гэх тусгай данс нээж, “Маш нууц” гэсэн тамга дараад хэдэн тэрбум төгрөг шилжүүлсэн үйлдлийг шалгаж буй юм. Ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатарын өгүүлснээр “Монголбанкны захирал асан Н.Золжаргал арилжааны банканд бага хүүтэй зээл олгосон асуудал тогтоогдож, үүнийг хууль бус шийдвэр болсон байна, үүнийг эргэж хянаж үзээч ээ гэсэн мөрдөгчийн мэдэгдэл 2018 оны зургадугаар сард АТГ-аас Төв банканд хүргүүлсэн. Үүний дагуу Монголбанкнаас ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажиллагаа хийж байгаа” хэмээн хариулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахдаа Монголбанкнаас 100 тэрбум төгрөг хувийн компани руу шилжүүлсэн. Монголбанк зээл өгдөг газар биш. Төв банкны тухай хуульд зааснаар Засгийн газар болон банканд л зээл өгдөг. Гэтэл хувийн компанид зээл олгосон асуудлыг прокурор нэг жил хав дарлаа” гэж мэдэгдэж байв.
Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал ажиллаж байхдаа 2013 оны долдугаар сарын 19-нд А-150 тоот “Журам батлах тухай” тушаал гаргаж “Монголбанкан дахь төрийн болон байгууллагын нууц, аюулгүй байдлыг хамгаалах журам, жагсаалт” баталсан байна. Тус жагсаалтад Төрийн нууцын болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд хамаарахгүй дараах мэдээлэл, баримт бичгүүдийг төрийн нууцад багтаан нууцалж, хууль зөрчжээ. Үүнд нь Төв банкнаас арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, Засгийн газартай байгуулсан зээлийн болон хадгаламжийн бүх төрлийн гэрээ, хэлцэл, холбогдох тайлан багтсан аж. Өөрөөр хэлбэл, “Маш нууц” дардастай тушаал гаргаж, Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлэх үйлдлээ төрийн нууцад хамааруулсан байж. Энэ талаар УИХ-ын ажлын хэсэг “Төв банкны удирдлага хууль бус байж болзошгүй үйл ажиллагаагаа нууцлах зорилгоор Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой дийлэнх мэдээлэл, баримт бичгүүдийг байгууллагын нууцад хамруулж, хуулиар эрх олгогдсон төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд шууд танилцах боломжгүй, төрийн нууцтай адилтган үзэх журам баталж, мөрдүүлэн ажилласан байна” гэж дүгнэжээ.
Үүнээс гадна Монголбанк своп, форвард хэлцлийн хүрээнд их хэмжээний алдагдал хүлээсэн байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал арилжааны банкнуудтай хйисэн уг хэлцлүүдээс Төв банк их хэмжээний алдагдал хүлээхийг урьдчилан тооцоолж, мэдэж, залруулах боломжтой байсан ч алдагдалтай своп, форвард хэлцэл жил бүр хийж, алдагдлын хэмжээг улам бүр нэмэн, төрд онц их хэмжээний хохирол учруулж байсан. Энэ үйлдэл нь тухайн албан тушаалтныг хэлцэлд орсон арилжааны банкнуудтай ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц, хувийн ашиг сонирхлын холбоотой гэж УИХ-аас томилогдсон ажлын хэсэг дүгнэсэн байдаг.
“Улаанбаатар банк”-наас Төв банк 100 гаруй тэрбум төгрөгөө хэзээ авах вэ
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Найдансүрэнгийн Золжаргал ийнхүү Төрийн нууцын тухай хууль зөрчиж, хууль бус үйлдлээ халхавчлан эзнийхээ буюу Д.Эрдэнэбилэгийн ихэнх хувийг нь эзэмшдэг Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь хууль сахиулах байгууллагынхны хамтарсан шалгалтын дүнд тодорхой болжээ.
Эх сурвалжуудаас авсан мэдээллээр Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд уг мөнгө нь тус банкнаас гарч, алдагдалтай ажилладаг “Кью Эс Си” компани руу 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд шилжсэн аж. Тус компани нь таван жилийн хугацаатай, хүүг бууруулан төлөх нөхцөлтэйгөөр өрийн бичгээр барагдуулахаар болсон нь Төв банкны тухай хууль зөрчсөн үйлдэл болжээ. Ингэж Н.Золжаргал албан тушаалаа ашиглан өмнө ажиллаж байсан банкныхаа эзний нэг салбар компанид давуу байдал бий болгож, Монголбанкийг эрсдэлд оруулсан байгаа юм. Уг нь Төв банкны ажилтнууд нь ийм эрсдэлтэй ажил хийж болохгүй, хууль зөрчинө гэдгийг сануулж байсан ч үл ойшоосон аж.
Улаанбаатар хотын банканд Төв банкнаас 2016 оны нэгдүгээр сарын 29-нп 100 тэрбум төгрөг жилийн 14 хувийн хүүтэй, богино хугацаатай олгосон байгаа юм. Үүнийгээ дээр дурдсан 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд Монголбанк, Улаанбаатар хотын банк, “Кью Эс Си” компанийн хооронд Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, түүндээ таван жилийн хугацаанд 21 хувийн үндсэн хүү төлөхөөр тусгажээ. Ийнхүү хууль бус хэлцэл байгуулснаар Монголбанк хамгийн багадаа 31 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн байх юм. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд холбогдох хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн Төвбанканд хандан “Өмнөх захирлын хууль бусаар олгосон 100 тэрбум төгрөгийг буцаан ав” гэсэн мэдэгдэл 2018 оны зургадугаар сард хүргүүлсэн гэдэг. Гэвч Монголбанкны удирдлага ямар нэг хариу өгөхгүй байсаар хагас жил өнгөрсөн аж. Тиймээс хууль сахиулагчид удаа дараа мэдэгдэл хүргүүлэн эс биелүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулсны үр дүнд 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотын банкнаас 100 тэрбум төгрөгийг хүү, алдангийн хамт авах ажлын хэсэг гаргасан гэнэ. Ингэхдээ тус арилжааны банкны удирдлагатай хэлэлцээрийн ширээнд сууж, 100 тэрбум гаруй төгрөгийг цувуулж авахаар болсон сурагтай. Эс тэгвээс “Улаанбаатар хотын банк” санхүүгийн эрсдэлд орж болзошгүй гэж аль аль тал нь үзсэн юм байна.
Н.Золжаргалын хамжигч гэж “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижирийг тооцжээ
Н.Золжаргалтай хамтран Монголбанканд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт “Кью Эс Си” компанийн захирал Энхбаярын Шижирийг хамжигчаар тооцон хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй, 1979 оны долдугаар сард төрсөн Э.Шижирийг яллагдагчаар тооцсон бөгөөд хэргийн ул мөр, нотлох баримтыг устгах, нуун зөөж болзошгүй учраас цагдан хорих санал ч гаргасан байдаг юм билээ. Харамсалтай нь прокурорын байгууллагынхан үүнийг нь шийдвэрлээгүй.
Н.Золжаргалыг Төв банкны тухай хуулийн 23.1.7-д заасан “Хуульд зааснаас бусад тохиолдолд хүн, хуулийн этгээд, тухайлсан банканд эдийн засгийн буюу арилжааны давуу байдал бий болгосон, эдийн засгийн тодорхой салбарт зориулсан тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа хэлцэл, гүйлгээ хийхийг хориглоно”, 29.1.2 дахь хэсгийн “Монголбанкны албан тушаалтан өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн буруутгаж буй юм.
Зөвхөн Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банктай холбоотой дээрх үйлдлээс гадна Австри улс руу мөнгө шилжүүлж, үл хөдлөх хөрөнгө хуралдан авсан гэх хэрэгт түүнийг шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийг шалгахын тулд гадаад улсаас нотлох баримт авах шаардлагатай болсон талаараа АТГ-ынхан одоогоос яг нэг жилийн өмнө мэдээлж байв. Манай хүсэлтийн дагуу Австрийн хууль сахиулах байгууллагаас албан ёсоор нотлох баримтууд ирүүлсэн бөгөөд түүнд Монголын банкнаас тус улсын банкаар дамжуулан үл хөдлөх хөрөнгө худалдаж буй компанийн дансны хуулга, үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ, хэлцэл зэрэг баримтууд багтсан байна. Түүнийг нь энэ долоо хоногийн эхээр албан ёсны эрхтэй орчуулгын газраар монгол хэлнээ хөрвүүлж дуусаад хавтаст хэрэгт хавсаргасан байна. Энэ үйлдлийг нь удахгүй шүүхэд шилжүүлэх аж.
Өмнөд хөршийн Ардын банкнаас авсан зээл Монголбанкыг алдагдалд оруулжээ
Н.Золжаргалыг эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хууль зөрчсөн хэлцэл хийсэн үндэслэлээр шалгаж буйгаа АТГ-ынхан мэдэгдсэн билээ. Энэ хэлцлээр авсан их хэмжээний юань бас л “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан компанийнхантай холбогдох, үгүй юү гэдгийг нарийвчлан тогтоохоор мөрдөгчид ажиллаж буй юм. Худалдаа хөгжлийн банканд эрх бүхий албан тушаал хашиж байгаад Монголбанкны ерөнхийлөгч болсон Н.Золжаргалын ажлыг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг шалгаад “ Төв банканд хэрэгжүүлсэн уламжлалт бус бодлогын арга хэрэгслийн улмаас болон гадаад валютын орох урсгал 2013 оноос эхлэн тасралтгүй буурснаас үүдэж гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум байсныг 2016 онд 1.3 тэрбум ам.доллар хүртэл бууруулж, мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1392 төгрөг байсныг 2489.5 төгрөг болоход нөлөөлсөн” гэж дүгнэсэн юм. Түүнчлэн Монголбанкны өр төлбөр нэмэгдэхэд БНХАУ-ын Ардын банкнаас авсан юанийн своп хэлцэл ихээхэн сөрөг нөлөө үзүүлжээ” хэмээн дээрх ажлын хэсгийн дүгнэлтэд онцолжээ.
Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хоёр орны эдийн засгийг хөгжүүлэх, худалдаа, шууд хөрөнгө оруулалтыг дэмжих, санхүүгийн зах зээлийг тогтворжуулах зорилгоор богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахын тулд хоёр талын үндэсний валютыг своп нөхцөлөөр солилцох тохиролцоо хийсэн юм байна. Энэ хэлэлцээрт заасан нөхцөл, болзлын дагуу юанийг төгрөгийн эсрэг, төгрөгийг юанийн эсрэг худалдан авах болон худалдах, дараа нь эргүүлэн худалдан авах болон худалдах гүйлгээг үе үе гүйцэтгэхээр заасан байдаг аж.
Анх 2011 оны тавдугаар сарын 6-нд таван тэрбум юань буюу нэг их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гурван жилийн хугацаатай гэрээнд хоёр улсын Төв банкны тэргүүнүүд гарын үсэг зурсан бөгөөд дуусах хугацаа нь болмогц сунгаж байжээ. Хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сард дуусахтай холбогдуулан Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-д очиж, гэрээг дахин гурван жилээр сунгасан байна. Своп хэлцлийн мөнгөн дүнг 2012 оны гуравдугаар сард 10 тэрбум юань, хоёр их наяд төгрөг, 2014 оны наймдугаар сард 15 тэрбум юань, 4.5 их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн аж. Энэ гэрээ хэрэгжиж эхлэснээс хойш 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монголбанк өссөн дүнгээр нийт 43 тэрбум юанийн зээл авч, 31 тэрбум юань төлж, 12 тэрбумын үлдэгдэлтэй байгаа аж. Хятадын Ардын банканд дээрх хугацаанд нийтдээ 495.5 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн гэнэ.
Энэ своп хэлцэл, зээлийн улмаас Монголбанк алдагдалд орсон талаар УИХ-ын ажлын хэсэг дүгнэсэн байдаг. Уг дүгнэлтэд “Хятадын Ардын банканд төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал үүссэн байна. Алдагдал 2016 онд 424.6 тэрбум төгрөг гарахад 597.7 тэрбум төгрөгийг гадаад валютын арилжааны ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал нөлөөлсөн. Энэ нь Хятадын Ардын банкнаас своп хэлцлээр авсан юанийн зээл Монголбанкны балансын пассив хэсэгт бүртгэгдэж, төгрөгийн ханш суларснаас үүдсэн алдагдал байна. Мөн дотоодын арилжааны банкуудтай хийсэн хэлцлүүд ч алдагдалтай ажиллахад нөлөөлсөн. Тиймээс Монголбанк нь своп, форвард хэлцлийн хүрээнд их хэмжээний алдагдал хүлээсэн байх бөгөөд тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал нь тус хэлцлүүдээс алдагдал хүлээхийг урьдчилан тооцоолж, мэдэж, залруулах боломжтой байсан ч алдагдалтай своп, форвард хэлцэл хийж, алдагдлын хэмжээг улам бүр нэмэн, төрд онц их хэмжээний хохирол учруулж байжээ. Түүнийг хуулийн байгууллагад хандаж, шалгуулах нь зөв гэж үзлээ ” гэжээ.
Үргэлжлэл бий. Дараа нь бид Худалдаа хөгжлийн банк болон Кью Эс Си компанийнхны холбогдсон өөр нэгэн үйлдлийн талаар, тэнд улстөрчид хэрхэн холбогдсоныг уншигчдадаа хүргэх болно.