С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр яллагдаж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдэгдэж, түүнийг нотлох дүрс бичлэгийг Засгийн газар улсын нууцаас гарган, УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2015 онд Б.Булганыг барьсан өдрөөс хойш энэ асуудлыг ярьж эхэлсэн. Тухайн үед би Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд холбогдох газруудад асуулга тавьж, мэдээлэл хүсэн хандаж байсан. Эрүүдэн шүүсэн нь бичлэгээс харагдаж байна. Энэ бичлэг болон гүйцэтгэх ажиллагаагаар нотолсон гэж байгаа мэдээллийг харьцуулах шаардлагатай. Тиймээс би Ерөнхийлөгч, улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ. Эрүүдэн шүүсэн гэдэг нь илэрсэн нь маш сайн зүйл боллоо. Эрүүдэн шүүсэн процесс сэтгэл эмзэглүүлж байгаа ч энэ нь илэрсэн учраас системийнх нь хувьд, эрүүдэн шүүлгэж байсан бүх хүнийг гаргаж ирэх ёстой. Д.Энхбат гэдэг хүн нас барсан, өмгөөлөгчийг нь барьж, тамласан. Үүнийг бас шалгах хэрэгтэй. Энэ бүхнийг цогцоор нь шалгуулах албан хүсэлт өгнө.
С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж асар их төсөв авдаг, ажлын хэсэг нэрийн дор хэнийг ч хамаагүй барьж, шалгадаг явдал 20 жил үргэлжиллээ. Саяхныг хүртэл хяналт тавих ёстой прокурор нь ажлын хэсэгт орчихдог байсан шүү дээ. Уг нь прокурор ажлын хэсэгт орж болохгүй. Энэ хэрэг илэрсэн гэдгийг би тойргийнхоо иргэдэд хэлдэг. Үүнийг нэг бол хоригдож байгаа гурван хүн хийсэн, эсвэл тэр гуравт хэрэг хүлээлгэж, яллах ажлыг зохион байгуулсан хүн хийсэн” гэв.