ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржтой анхаарал татаж, сэтгэл эмзэглүүлсэн асуудлаар ярилцлаа.
-Хэд хоногийн өмнө Баянхонгор аймагт явж байхдаа “Өсвөр насныхны жирэмслэлт сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд хүрээд байна” гэж эмч нарын ярихыг сонссон юм. Зөвхөн тус аймагт ч биш, улсын хэмжээнд энэ асуудал анхаарал татахуйц хэмжээнд хүрсэн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл болохоор хамаагүй зарладаггүй, тоо баримтыг танай комисс нэгтгэж, илтгэл бичдэг гэхээр нь таныг зорьж ирлээ.
-Хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүд, өсвөр насныхны жирэмслэлт, үр хөндөлт гэсэн нийгмийн эмзэг асуудлуудын талаар ХЭҮК жил жил бүр холбогдох газруудаас мэдээлэл авдаг. Эд бол хоорондоо уялдаатай, нэгээс нөгөөг нь салгах аргагүй зүйл. Тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байна. Ялангуяа хүчирхийлэл. Үүнийг хүмүүс хоёр янзаар хардаг.
Нэг хэсэг нь, мэдээллийг хэт дэлгэж, шуугиан тарьснаар санаа сэдэл өгөөд байгаа юм биш үү гэдэг. Нөгөө хэсэг нь, харин ч энэ талаар олон нийтэд хүргэж, зэвүүцэл, дургүйцэл, жигшил төрүүлэн, гэр бүлийн орчинд дарагдаж байсан зүйлд нийгмийн анхаарлыг хандуулснаар илрүүлэлт нь нэмэгдэж, ингэснээр тоо нь өссөн мэт харагдаж байгаа юм биш үү гэдэг. Би энэ талд байдаг хүн. Хүмүүсийн зэвүүцэл, дургүйцэл, нийгмийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж байгаа байдлыг харахад монголчууд “Миний хүүхэд л биш бол хамаагүй” гэдэг байдлаар биш, “Хөөрхий нялх амьтан, миний хүүхдээс ялгаа юу байх вэ” гэсэн байдлаар хандах нь ихсэж, мэдээлэх, илрүүлэх нь нэмэгдэж байна. Ийм байх нь зөв.
Бид холбогдох байгууллагын мэдээллийг албан шугамаар авахаас гадна судалгаа, тандалт, санал асуулга нэлээд хийдэг. 2017 оноос хойш өсвөр насныхны жирэмслэлт онцгой анхаарал татаж ирлээ. 20 хүртэлх насыг өсвөр үе гэдэг. Ингэж үзвэл жилд 20 мянга гаруй охин өсвөр насандаа жирэмсэлсэн гэсэн тоо гарна. 18-аас дээшихийг насанд хүрсэн гэж тооцсон ч насанд хүрээгүй охидын жирэмслэлт арван мянгаар тогтохгүй. Үүнээс хүүхдээ төрүүлж буй нь ч, үр хөндүүлж байгаа нь ч олон. Бидэнд ирсэн мэдээллээр хамгийн бага нь 12 настай хүүхэд төрсөн гэж бүртгэгдээд байна.
Энд хоёр зүйлийг онцгойлон анхаарах ёстой. Өсвөр насны хүүхэд жирэмсэн болоод, хүүхдээ төрүүлчихээр нь орхичихдог. Ингэж болохгүй. Манай Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон бол ял шийтгэл хүлээх заалт бий. Өнгөрсөн онд манай комиссоос Эрүүл мэндийн яам, цагдаагийн байгууллагад хандаж “Насанд хүрээгүй хүүхэд төрсөн бол заавал цагдаад хандаж, юу болсныг шалгаж байх хэрэгтэй” гэсэн зөвлөмж гаргасан. Үүнээс хойш эмнэлгүүд насанд хүрээгүй хүүхэд төрөхөд цагдаад мэдэгддэг болсон. Яаж жирэмсэлсэн, элдэв хүчирхийллийн золиос болсон юм биш биз гэдгийг нь цагдаа асууж тодруулна. Ингэхээр бас түвэг учирч байна. Нуух, хэлэхгүй байх тохиолдол байнга шахам гарна. Хайр сэтгэлтэй хүнээсээ хүүхэдтэй болсон байтал насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон гэдэг заалтаар эрүүгийн гэмт хэрэгтэн болчих гээд байхаар нь хүүхдийнхээ эцгийг нуудаг биз. Өөр шалтгаан ч бий байх. Ямар ч байсан, насанд хүрээгүй хүүхэд жирэмсэн болоод, төрөөд байгааг цагдаа мэдэж байх нь мэдэхгүй байснаасаа дээр.
Бодолцохгүй байж болохгүй өөр нэг асуудал гарч ирж байна. Орон нутагт ажиллаж байхад хоёр ч сургуулийн захирал энэ талаар асуусан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч жирэмсэн болоод хүүхдээ төрүүлэхээр шийдэж. Тэгэхдээ сургуулиасаа завсардмааргүй байна гээд хичээлдээ явж байгаад төрөөд, төрснийхөө дараа үргэлжлүүлэн хичээлдээ сууя гэж. Ийм нөхцөлд яах ёстой вэ, жирэмсэн, ээж болсон сурагчийг хичээлд нь явуулаад байхаар бусад нь, доод ангийнх нь хүүхдүүд ямар үлгэр дуурайл, ойлголт авах вэ. Нөгөө талаас хүүхэд өөрөө хичээлдээ сууя гэж байхад сурах эрхийг нь зөрчиж болохгүй. Ийм байдал нийгэмд нэлээд газар авах хандлагатай болсон учраас энэ талаар ярилцаж, нэгдсэн гарц шийдэл, зөвлөгөө зөвлөмж гаргах хэрэгтэй болжээ. Ганц, нэг тохиолдол биш, нийгмийн асуудал болж буй зүйлийг бодлогын түвшинд ярихаас аргагүй. Өсвөр насны хүүхдүүд бэлгийн харилцаанд эрт орж буй асуудлаар бодлого гаргах шаардлагатай. Тэгэхгүй бол Эрүүгийн хуулийн ганц заалтаар шийдэж болохгүй зүйлс тулгараад байна. Энэ асуудлыг илтгэлдээ тусгаж, УИХ-ын гишүүдэд танилцуулсан.
-Бодлогын ямар арга хэмжээ авах талаар танд ямар нэг санал бий юү?
-Үүнийг шууд хэлэхэд хэцүү шүү дээ. Судалгаа л хийх хэрэгтэй. Их эмзэг асуудал учраас болгоомжтой хандах шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангиас дээших ангийн багш нар, сургуулийн эмч, эмэгтэйчүүдийн эмч нартай уулзах хэрэгтэй. Энэ хүмүүстэй ярилцахад элдэв зүйл гарч ирдэг.
Ер нь Эрүүгийн хуулийн заалтыг яах юм бэ гэдгийг эргэж харахаас ажлаа эхлэх хэрэгтэй. Биологийн өсөлт, хөгжил, бодол сэтгэлгээ нь шал өөр болсон, хайр сэтгэлээрээ гэрлээд, амьдарна гэсэн ухамсарт шийдвэрээ гаргасан залуусыг насанд хүрээгүй гэж гадуурхаад, нөхрийг нь шийтгээд байх уу, ингэхгүй гэхээр хүчин төгөлдөр байгаа хууль, эрхийн актаа хэрэгсэхгүй орхих уу гэдэг асуудал босож ирээд байна.
-Өсвөр насныхны жирэмслэлт ингэж нийгмийн анхаарал татахуйц асуудал болтлоо өсөхөд юу голлон нөлөөлж буй талаар танайх сонирхов уу?
-Олон шалтгаан бий л дээ. Үүн дотроо хүүхдийн биологийн өсөлт шал өөр болчихоод байгаа нь голлох шалтгаан болж байна. Өнөөгийн хүүхдүүдийн биологийн өсөлт хөгжил 20-30 жилийн өмнөхөөс өөр болсон гэж эмч нар хэлдэг. Авч буй мэдээлэл, үзэж харж буй зүйлээс эхлээд олон зүйл нөлөөлдөг бололтой юм билээ. Нийгмийн сүлжээ, үзвэр үйлчилгээ гээд нөлөөлөх зүйл дэндүү олон байна.
-Өөрийнхөө хүслээр, ухамсартайгаар хүүхдээ тээж, төрүүлж байгаа хэсгээс гадна хүсэхгүйгээр, мэдлэг мэдээлэлгүйгээс ийм байдалд хүрсэн, эрх нь зөрчигдсөн, яахаа мэдэхгүй, тусламж дэмжлэг хэрэгтэй хэсэг бас байдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 2016 онд 198 байсан. 2017 оны судалгаагаар энэ тоо 345 болж, бараг хоёр дахин өссөн байна. Өсвөр насныхны үр хөндөлт анхаарал татсан асуудал хэвээр байгаа.
-Өсвөр насныхны сэтгэл зүй эмзэг. Гэтэл тэд эрт бэлгийн харилцаанд орох, жирэмсэн болох зэрэг нь нийгмийн хавтгайрсан үзэгдэл болж байна гэлээ. Тэдэнтэй хэрхэн харилцах, яаж хандах талаар холбогдох байгууллагад ХЭҮК-оос санамж зөвлөгөө өгдөг үү?
-Нийгэмших гэж яваа, сэтгэл зүй нь эмзэг, хүүхдийн асуудал гэдгийг ямагт санах хэрэгтэй. Хүн ам цөөнтэй, бүгд шахам нэгнээ таньдаг Монгол шиг улсад энэ бол зайлшгүй нууцлах ёстой асуудал. Охиноос өөрөөс нь гадна эмч л мэдэх, энэ хоёроос өөр хэн ч мэдэхгүй баймаар зүйл. Тиймээс манай комиссоос “Охидын үзлэг гэж хүйсээр ялгаварлахаа боль. Эрүүл мэндийн үзлэг гэж нийтэд нь хий. Тэгвэл сэжиг таамаг яригдах нь бага. Үзлэгээр илэрсэн зүйл, хүүхдийн эрүүл мэндийн байдал багш нарт огт хамаагүй учир тэдэнд битгий хэл” гэсэн зөвлөмжийг эмч нарт өгдөг. Зарим багш хүүхдүүдийн дэргэд загнаж, нууцыг нь илчилж, ичээдэг шүү дээ. Шаардлагатай бол, хүүхэдтэй өөртэй нь ярилцаад аав, ээжид нь хэлж болно. Эцэг, эх нь тэр хүүхдийг хүнд байдалд оруулах вий гэдгийг ч эмч бодолцох ёстой.
-Үр хөндөлт анхаарал татаж буй талаар дээр цухас дурдсан. Илүү дэлгэрүүлж болох уу?
-Өсвөр насандаа жирэмсэлсэн охид ихэнх тохиолдолд үр хөндүүлдэг. 2017 оны тоог харахад насанд хүрээгүй хүүхдийн үр хөндөлт 2015-2016 оныхоос эрс багассан харагдаж байна. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ гэдгийг би баталгаатай хэлнэ. Тэгээд тоо яагаад ингэж гарав гэвэл хууль бусаар, нууцаар үр хөндөх асуудал их байгаатай холбоотой. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, улсын эмнэлэгт очихоор хамгийн наад зах нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг авах хууль ёсны шаардлага тавьдаг. Тэгээд аав, ээжийг нь дуудна. Хүүхдээ жирэмсэн гэдгийг мэдээгүй хүмүүс гэнэт ийм мэдээ сонсохоор цочирддог ч юм уу, охиноо хайрлаж, хамгаалах нь бүү хэл, бөөн хэрүүл уруул, уйлаан майлаан болж, хүнд байдал үүсдэг. Тиймээс охид чимээгүйхэн шиг, бүртгэл тооцоогүй, нууцаар ажилладаг эмч рүү очихыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл, улсын эмнэлэгт хандсан нь нэгдсэн тоо бүртгэлд ороод, хувийн эмнэлгийнхийг бүрэн бүртгэж чадахгүй байгаагаас ийм тоо гарч байна.
П.Оюунчимэг: УИХ-ын гишүүд эрүүдэн шүүх тухай анх сонсож буй
мэт гайхаж хүлээж авч буй нь харамсалтай
Хүний эрх ноцтой зөрчиж, эрүүдэн шүүсэн асуудлаар ХЭҮК хэвлэлийн хурал хийлээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “2014 оны нэгдүгээр сарын 24-нд яаралтай горимоор, УИХ-ын есөн гишүүний санаачилгаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан билээ.
Энэ үеэс Монголд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн. Манай комисс нийт 17 илтгэл бичсэний 13-т нь хүнийг ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн асуудал орсон. Харамсалтай нь энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй. Мөрдөн байцаах албыг татан буулгачихаад, янз бүрээр үүрэг оноох гэж оролдсон. Нэг хэсэг, цагдаа цагдаагаа шалгадаг болсон. Удалгүй үүнийг татан буулгасан.
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба 2002-2014 оны нэгдүгээр сарын 24 хүртэлх хугацаанд гэмт хэргийн талаарх 6109 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 3344-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан санал гаргаж, прокурорт шилжүүлсэн, 1256-г нь харьяаллын дагуу шилжүүлсэн, 2109-д нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэтэл одоо цагдаагаас энэ төрлийн гомдолд “Нотлох баримтгүй” гэсэн хариу л өгдөг болсон.
2014 онд Монгол Улс Эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бус, хүний нэрийг доромжлон харилцахын эсрэг конвенцын нэмэлт протоколд нэгдэн орсон. Таван жил өнгөрч, хоёр парламент ажилласан ч энэ конвенцыг хэрэгжүүлэх механизмаа байгуулаагүй. Ихэнх ардчилсан орон энэ механизмаа байгуулаад, үүнийхээ дагуу ажиллаж байгаа.
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх явцад 2015 оны долдугаар сараас эхлээд л “Эргэлт, уулзалт оруулахгүй байна, эрүүл мэндийн үзлэгт хамруулахгүй байна, эрүүдэн тамлаж байна” гэх мэт гомдол ирсэн. Нууцын зэрэглэлтэй учир тухайн үед нь гаргаж тавьж болохгүй гэдэг байлаа. Тухайн үеийн Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, ШШГЕГ-ын дарга нарт бид удаа дараа энэ талаар хандаж, зөвлөмж явуулж байв. Маш олон албан бичиг явуулахад нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар гэдэг хүний гарын үсэгтэй ганц хариу ирсэн.
Тэгээд одоо юу болж байгааг харж буй биз. Одоо аймаг, суманд, хэрэг бүртгэх үйл ажиллагаанд ийм явдал өчнөөнөөрөө гарч байгаа шүү. Ирж буй гомдлоос харахад “Чи хэргээ хүлээхгүй бол эхнэрийг чинь авчирч хорино шүү, ээжийг чинь хорино шүү” гэх мэтээр хамгийн эмзэг хүмүүс рүү нь дайрдаг гэж байгаа. Мөрдөх үйл ажиллагааг сүүлд нь шалгахад баримттай байхын тулд мэдүүлэг авдаг өрөөг дүрс, дуу бичлэг хийдэг болго гэж ХЭҮК 2011 оноос хөөцөлдсөн.
Ингээд 2012 оноос нийслэлийн есөн дүүрэг, аймгуудын төвд энэ нөхцөлийг бүрдүүлсэн өрөөтэй болсон. Цаашлаад, мэдүүлгийг шаардлага хангасан өрөөнд авах, өрөөнд дуу, дүрс бичих бичлэг заавал байх бөгөөд мэдүүлэг өгч буй хүнийг бүтэн харуулж, нүүр царай болон үйл хөдлөлийг бүрэн оруулах зорилгоор нэмэлт төхөөрөмж суурилуулах эрх зүйн орчин бүрдүүлсэн. Харамсалтай нь энэ шаардлага орон нутагт хэрэгжихгүй байна. Энэ шаардлагыг хангаагүй газарт эрүүдэн шүүх ажиллагаа явж байгаа гэсэн үг” хэмээв.
Мөн тэрбээр “Камертай болсны хүчинд эрүүдэн шүүснийг илчилсэн бичлэгийг өнөөдөр УИХ-ын гишүүд үзээд, дуу алдаад сууж байна” гэсэн юм.
Энэ үеэр эрүүдэн шүүж, мэдүүлэг авах сандлын талаар асуудал хөндөгдөж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг: -Сандал бол шаланд хөдөлгөөнгүй бэхэлж суурилуулдаг, мэдүүлэг авч буй хүнээ хөлийг нь дөнгөлж, гарыг нь гавлан, хөдөлгөөнгүй суулгах зориулалттай хэрэгсэл байсан. Бид орон нутагт шалгалтаар явж байгаад үүнийг цагдаагийн байгууллага ашиглаж байгааг илрүүлсэн.
Тухайн үед ЦЕГ-ын даргаар бригадын генерал Б.Билэгт ажиллаж байсан юм. Бүх аймаг, суманд, нийслэлийн зарим дүүрэгт хуваарилсан байсныг мэдээд, сандлын зураг, тараасан тухай мэдээллийг тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд илгээсэн. “Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын гэрээ, конвенцыг зөрчсөн ноцтой үйлдэл байна. Тиймээс энэ сандлыг Цагдаагийн тасаг, хэлтсүүдэд хэрэглүүлэхгүй байна уу” гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр бүх сандлыг татаж авсан. Тэр үед орон нутагт, ялангуяа суманд ажиллаж буй хэсгийн төлөөлөгчдөд хэрэгтэй гэсэн маргаан гарч байлаа.
Эрүүдэн шүүлтийн тухай өнөөдөр л ярьж байгаа юм биш. ХЭҮК 2001 онд байгуулагдсанаасаа хойш энэ асуудалд анхаарч, гаргасан илтгэл бүртээ оруулсан. Холбогдох хүмүүст нь уншуулахын тулд аргаа бараад хүнийг яаж яргалан зовоож буй байдал, эрүүдэн шүүгдсэн хүний нэр устай тодорхой жишээнүүдийг хүртэл тусгаж байв.
Үүнийг УИХ-ын гишүүд өмнө нь анхаарч уншиж байсан бол өнөөдөр эрүү шүүлтийн тухай анх удаа сонсож буй мэт, гэнэт Монгол Улсад ийм зүйл гараад ирсэн мэтээр гайхаж хүлээн авахгүй байсан болов уу. 2006 онд НҮБ-ын тусгай илтгэгч Монгол Улсад долоо хоног ажиллах хугацаанд цагдан хорих ангид хүнийг 24 цагийн турш зодож, амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. НҮБ-ын тусгай илтгэгч манай улсад айлчилсныхаа дараа “Монгол Улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал бодитой оршин тогтнож байна” гэж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлагнасан.
Энэ дагуу манай улсад зөвлөмж өгч байлаа. Энэ бүхнийг бид тайландаа тусгаж, холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж ирсэн. Эрүү шүүлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох механизмыг хуулиар бүрэн тодорхой болгож өгөхгүй бол 2017 он хүртэл Эрүү шүүлтийн эсрэг конвенцын дагуу хуульд орсон зүйл, заалтууд конвенцтойгоо нийцэхгүй байсан. 2017 онд оруулсан хуулийн заалтаа конвенцтойгоо нийцүүлсэн хэрнээ ялыг нь хөнгөрүүлчихсэн. Эрүүдэн шүүж байгаад хүний амь хохироовол 15 жилийн ялтай байсныг тав хүртэлх жил болгож бууруулсан” хэмээв.