Энэ сарын 26-нд ЭХЭМҮТ-д төрөхөөр ирсэн 17 настай А харамсалтайгаар амиа алдлаа. Болсон явдлын талаар илүү үг нуршилгүй албаны хүний яриагаар хүргэе.
ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, клиникийн профессор зөвлөх Г.Баттулга энэ талаар “Төрөхөөр хяналтад байсан хүн золгүйгээр амиа алдлаа. Бүсгүй жирэмсний хяналтын явцад шинжилгээгээ бүрэн өгсөн, эрүүл мэндийн хувьд онц анхаарал татахаар өөрчлөлт байгаагүй. Уржигдар орой манай эмнэлэгт ирж хэвтсэн. Насанд хүрээгүй хүн ирвэл ар гэрийнхэн нь хамт байх нөхцөл бүрдүүлдэг. Үүний дагуу хяналтын эмч ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Тэд одоо орох боломжгүй, тодорхой ажил зохицуулчихаад ирье гээд явах хооронд уг явдал болжээ. Хохирогч өөр бүсгүйтэй хамт нэг өрөөнд байсан. Хамт байсан эмэгтэй нь хажуугийн өрөө рүү явж, ургийн бичлэг хийлгэх явцад хохирогч цонх онгойлгож үсэрсэн. Цонхны доор байсан иргэдийн тусламжтайгаар А эрсдэл багатай зөөлөн унасан. Хохирогчийг төрөх өрөөнд оруулж амаржуулсан ч гурван кг 50 см урттай амьгүй ураг гарлаа. Түүний оюун ухаан болон орчны харилцаа хэвийн байсан юм билээ. Бид гэмтлийн эмчийг дуудаж, үзлэг шинжилгээ хийлгэсэн. Өндрөөс унасан, ноцтой доргилт авсан учраас ГССҮТ-д шуурхай хүргэсэн” гэлээ.
Н.НАЯНБААТАР: ЭХ, ХҮҮХДИЙГ АВРАХЫГ ХҮССЭН, ҮНЭХЭЭР ХАРАМСАЖ БАЙНА
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар зургаан давхраас унасан эмэгтэйг тосон авчээ. Түүнтэй уулзаж болсон явдлын талаар тодрууллаа.
-Болсон явдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Өчигдөр (уржигдар) ажил тарах үед эхнэр утсаар ярьж “Эгч төрөх гээд өвдөөд байна” гэхээр нь хувцсаа ч сольж амжилгүй ЭХЭМҮТ-д очсон юм. 22.50 цагт эмнэлгийн гадна очиход хүмүүс бөөгнөрчихсөн орилолдож байв. Тус эмнэлгийн зургадугаар давхарт байрлах Төрөхийн өмнөх тасгийн цонхоор нэг эмэгтэй хүн хөлөө унжуулаад сууж байгаа харагдсан.
Тайвшруулах гэсэн ч миний хэлсэн үг болон тэнд цугласан хүмүүсийн орилж байгааг сонсох сөхөө байгаагүй болов уу. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод машинд байсан, хөдөө явахдаа өмсдөг дээлээ авч цонхон доор очлоо. Ингээд хоёр хүнтэй хамт дээлийг дэлгээд унаж буй эмэгтэйг тосож авсан.
-Дээрээс унахдаа хэр зөөлөн газардсан бэ?
-Уг нь гайгүй. Дээлэн дээр унаад газарт зөөлөн гулгаж буусан. Тэрбээр ухаан алдсан ч хажууд зогсож байсан залуу цээжин дээр нь хэд хэд дарж, иллэг хийхэд гүнзгий амьсгаа авч сэргэсэн. Сэргэсэн хойно нь ЭХЭМҮТ-ийн эмч нар ирж, дотогш авч орсон. Дараа нь санаа зовоод бүсгүйн биеийн байдлыг асуутал ураг нь эндлээ гэж сонссон. Эх, хүүхдийг хоёуланг нь аврахыг хүссэн. Үнэхээр харамссан. Цаашид юу болох бол гэж бодогдоод, санаа зовж байна.
ГССҮТ-ийнхнөөс бүсгүйн биеийн байдлыг лавлахад “Шөнө ирээд өглөө амиа алдсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид нас барсан шалтгааныг тодруулна” гэснээс өөр мэдээлэл өгөөгүй юм. Уг хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна.