-Ц.Нямдорж сайд манайхнаас уучлалт гуйгаагүйд гайхаж байна, бид ч бас хохирсон-
УИХ-ын гишүүн С.Зоригийг хөнөөсөн хүмүүс хоёулаа, гурвуулаа биш, бүр дөрвүүлээ байсан болж таарав. Энэ хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн, шүүгч, прокуроруудын аль, аль нь дөрөв дэх хүний тухай тэр бүр ярьдаггүй нь хачирхалтай. Хэвлэлд тэр хүний тухай багагүй бичиж байсан. Гэрчүүд (талийгаачийн гэргий Д.Булган, шатан дээр зогсож байсан хоёр хүү) зөвхөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний тухай мэдүүлсэн байдгаас бус гурав, бүр дөрвөн хүнийг харснаа ярьдаггүй. Гэрчүүдээс “бултаж” чадсан тэр хоёр хүнийг ажлын хэсгийнхэн хаанаас гаргаад ирсэн байх вэ. Тэд хэрэг үйлдээд талийгаачийнхаас гарахдаа гэрчүүдийн хаагуур нь зөрөв гэдэг нь оньсого хэвээр үлдэв. Хэрэгтнүүдийг илрүүлсэн ажлын хэсгийнхэн, хянасан прокурор, бүх шатны шүүгчид хүртэл энэ асуудлыг яагаад хэлэлцсэнгүй вэ. Шат шатны шүүх хуралд шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр оролцсон зарим өмгөөлөгч “Амьдралдаа ийм шүүх хурал үзсэнгүй” хэмээн толгой сэгсрэн ярилцаж байсан гэнэ лээ. Тэгэхээр шүүх хурал будилаантай болсон бололтой. Цаг нь болохоор тэд үгээ хэлэх биз ээ.
С.Зоригийг хөнөөхөд оролцсон дөрөв дэх хүн хэн байв. Хэрэгт ямар оролцоотой байсан юм бол. Энэ мэт асуудлаар талийгаач (Б.Отгонбаатар нь эхнэр, хүүхдүүдийн хамт гэртээ шатаж нас барсан)-ийн төрсөн ах Б.Нямжаргалтай ярилцлаа. Тэрбээр Орхон аймгаас ирлээ гээд “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийг егүүтгэсэн гэх хэрэгт яллагдагчдын ар гэрийнхнээс уучлалт гуйхыг зурагтаар үзлээ. Тэднээс уучлалт хүсэж байгаа бол биднээс, манайхнаас бас гуйх ёстой” гэсээр яриагаа эхлэв.
-Чухам юу болсон, юу болоод байгаа талаар тодорхой ярихгүй юу?
-С.Зоригийг егүүтгэсэн хэрэгт нэр холбогдсон Б.Отгонбаатарын төрсөн ах нь байгаа юм аа, би. Миний дүү Б.Отгонбаатар 2006 оны арванхоёрдугаар сарын 22-нд эхнэр, хоёр хүүхдийн хамт гэртээ шатаж нас барсан юм. Гал юунаас болж гарав гэдгийг Орхон аймгийн Цагдаагийн болон Гал түймэртэй тэмцэх газраас шалгасан. Дүүгийнд маань гарсан галыг цахилгаанаас болсон байна гэж шинжээчид дүгнэснээр хэргийг хаасан юм. Үүнээс хойш таван жил гаруйн дараа машинтай, үл таних хүмүүс ээжийнд талх, сүү бариад орж иржээ. Тэгээд “Танай хүүгийнд гарсан гал цахилгаанаас болоогүй, хүн зориуд тавьсан байна. Энэ хэргийг мөрдөж яваа хүмүүс байна аа, бид” гэж хэлсэн байдаг. Хүүгийнхээ талаар мэддэг зүйлээ хэл гэж ээжээр баахан яриулсан юм билээ. Настай хүн юугаа мэдэх вэ, санаж байгаа бүх юмаа л хэлсэн гэсэн. Энэ явдал С.Зоригийн амийг бүрэлгэсэн хүмүүсийг баривчилсны дараахан болсон бололтой. Миний эмэгтэй дүү, группт байдаг Хишгээг дуудаж, бас байцаажээ. Дүү минь бидэнд “Отгоогийнд гарсан гал цахилгаанаас болоогүй юм байна, хүмүүс санаатай галдан шатаасан болж таарлаа. Надтай уулзсан хуулийнхан тэгж хэллээ” гэж бидэнд ярьсан. Ах, бид хоёр тусдаа амьдралтай, хөдөө гадаа яван ирэн байдаг. Энэ хооронд тэр хүмүүс Хишгээг, ээжийг минь байнга хянаж байсан гэнэ лээ. Ажил, гэр хоёрынхоо хооронд явахад л машинтай хүмүүс дагаад байгаа тухай дүү минь бидэнд хэлсэн.
-Ямар учиртай хүмүүс, яагаад дагаад байгааг цагдаагийнханд мэдэгдэж болоогүй юм байх даа?
-Эхэндээ анзаардаггүй байж. Юу болоод, яагаад ингээд байгаагаас айсан хүн чинь хаана, хэнд хандахаа мэдэхгүй явж л дээ. Тэр хүмүүсийн асуудаг юм нь “Та хаанаас, хэнээс орон сууц авсан бэ, гадаадад ямар зорилгоор явав. Зүүж байгаа бөгж, ээмгийг чинь хэн, ямар мөнгөөр авч өгсөн бэ” гэдэг байж. Бид нараас ч бас ийм утгатай зүйл асуусан. Шалгаад байгаа юм уу гэхээр үгүй юм шиг. Би хөдөөгүүр явж байгаад иртэл Орхон аймгийн Тагнуулын газраас ээж, бид хоёрыг дуудсан байсан. Яваад очтол өндөр настай ээжийг минь цонхгүй өрөөнд оруулж, “Эндээ сууж бай” гэчихээд намайг машиндаа суулгаад авч явсан. Аймгийн төвөөс гараад оршуулгын газар луу явж байгааг нь мэдсэн. Яах гэж байгаа юм бэ гэтэл “Дүүгийнхээ оршуулгыг заагаад өг” гэдэг юм байна.
Олон жил очоогүй байгаа, ядаж нэг сүү, уугиулах арц, хүж авчихъя гэтэл “Бид бэлдсэн” л гэсэн. Ингээд оршуулгын газарт ирсэн. Зааж өгөхгүй гээд яах вэ дээ, оршуулсан газарт нь аваачсан. Тэгээд буцаад ирдэг юм байна. “Гэртээ байж бай, дуудна шүү” л гэсэн. Маргааш нь дүү, бид хоёрыг дуудаж шинжилгээ авна гэнэ. Ямар учиртай, юун шинжилгээ вэ гэж асуухад ДНХ-ийн л гэж байсан. “Танай дүүг гэр бүлийнх нь хамт хүмүүс шатаасан байна. Бид тэр хүмүүсийг илрүүлсэн. Та нар гомдол, нэхэмжлэл гаргаж болно” гэж Эрдэнэ хэн ч гэлээ, хошууч цолтой гэж өөрийгөө хальт танилцуулсан нэг нь хэлсэн. Бусад нь нэр усаа ч хэлээгүй. Дүүгийн минь шарилыг ухаж, дахин шинжилсэн гэж байсан. Энэ мэт асуудлаар хэнд ч, юу ч ярьж болохгүй. Та нарыг хянаж байгаа. Нууц задруулбал хариуцлага хүлээлгэнэ гээд гарын үсэг зуруулсан. Тиймээс бид хоорондоо ярихаас хүртэл эмээдэг, шивнэх нь холгүй ярилцдаг байлаа.
Манай аймгийн Цагдаагийн болон Гал түймэртэй тэмцэх газрын байцаагч, шинжээч нарыг бас дуудаж уулзсан, байцаасан бололтой тэд явж харагддаг. Орхон аймагт бол ийм л юм болсон.
-Тэгээд цаашаа юу болов?
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал Улаанбаатарт болсон шүү дээ. Энэ хүртэл талийгаач дүүгийн минь тухай бидэнд ямар ч зүйл ярьж, хэлээгүй. Бид хохирогч юм байна гэсэн ойлголттой явсан. “Хохирогчийн ар гэрийнхнийг төлөөлж шүүх хуралд оролцуулах болсон” гээд бие муутай эмэгтэй дүүг минь сонгожээ. Шүүх хурлын үеэр манайхан хотод ирсэн. Шүүх хурал юу болж байгаагаас эхлээд бүх мэдээлэл хаалттай, хохирогчийн ар гэрийнхнийг төлөөлүүлж байгаа гэсэн хэрнээ охин дүүг минь үл таних хүмүүс орсон, гарсан ч байнга дагаастай. Ямар сайндаа шүүхийн эхний өдрийн хурлын дараа дүүгээ дэн буудалд оруулж байж бид нууцаар уулзах вэ дээ.
...“Яанаа ах аа, манай дүү чинь Зоригийн хэрэгт холбоотой, бүр хамтарч егүүтгэсэн юм байна шүү дээ” гэж хэлээд ухаан алдаад уначихсан. Шүүх хуралд оролцсон дүү минь элэгний хүнд өвчтэй юм аа. Ингэж л талийгаач дүү минь хохирогч биш, хэргийн оролцогч юм байна гэдгийг мэдсэн...
-Шүүх хурлын үеэр юу ярив гэдгийг асуусан уу?
-Тэгсэн, асуудал өөр юманд байж гэдгийг дүүгээсээ сонссон. Шүүхийн эхний өдрийн хурлын дараа хорих 461 дүгээр ангийн гаднаас дүүгээ өмгөөлөгчтэй нь тосож авсан. Өмгөөлөгчийгөө гэрт нь буулгачихаад, дүүгээсээ за юу болов гэтэл “Яанаа ах аа, манай дүү чинь Зоригийн хэрэгт холбоотой, бүр хамтарч егүүтгэсэн юм байна шүү дээ” гэж хэлээд ухаан алдаад уначихсан. Шүүх хуралд оролцсон дүү минь элэгний хүнд өвчтэй юм аа. Ингэж л талийгаач дүү минь хохирогч биш, хэргийн оролцогч юм байна гэдгийг мэдсэн.
-Талийгаач дүү тань С.Зоригийн амийг егүүтгэсэн хүмүүстэй нөхөрлөдөг, ойр дотно байсныг Та мэддэг байв уу?
-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар манай арын гудамжуудад амьдардаг, гэр орон нь тэнд байсан юм шүү дээ. Тэднийхний хүүхэд байна гэж би мэддэг ч ярьж хөөрч байсангүй. Хүүхдүүдтэй юугаа ч ярих билээ. Харин манай талийгаач дүү тэдэнтэй гудамжинд тоглож өссөн, нэг довны хүүхдүүд. Тэднийг бага байхад нь сайн мэддэггүй байсан. Том болсон хойно нь мэндтэй устай явдаг байв. Б.Содномдаржаагийн аав нь малын эмч, өөрөө тракторын жолооч, газар хагалж явдаг гэдгийг мэддэг байсан. Т.Чимгээ айлын бэр болж, хүүхэд төрүүлсэн гээд нэг бор бүсгүй явж харагддаг. Ц.Амгаланбаатарыг сайн мэдэхгүй, тэдний хүүхэд юм гэнэ лээ гэж дуулж байсан. Надаас олон дүү хүүхдүүд л дээ.
-Дүү Б.Отгонбаатар тань юу хийдэг байв?
-Цэргээс халагдаж ирээд яг тодорхой ажил хийгээгүй байсан. Надтай хамт түүхий эд цуглуулан нэг хэсэг ажилласан. Миний хамгийн бага дүү л дээ. Гал голомтоо сахиж үлдсэн, ээж тэднийд амьдардаг байлаа.
-Дүүгээ С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбоотойг Та шүүх хурлын үеэр мэдсэн гэлээ. Та нартай уулзаж, байцаалт авсан хүмүүс тэр талаар юу ч хэлээгүй юү?
-Огт мэдээгүй явсан. Энэ талаар бидэнд хэн ч , юу ч хэлээгүй. Би дүүгээ мэдэлгүй яах вэ. Хүн алахаар хүүхэд биш. Нөгөөдүүл нь С.Зоригийнд ороод хэрэг хийж байхад миний дүү гал зуухных нь өрөөнд хоол идээд сууж байсан гэдэг юм билээ. Тэгээд сүүлд нь “Бид нар хүн алах гэж хотод ирээгүй биз дээ” гээд Ц.Амгаланбаатарыг цохиж унаган, нөгөөх нь нэг хэсэг хэвтсэн гэх яриаг сүүлд сонссон. Үнэн, худлыг бүү мэд.
-Ядаж өмгөөлөгч тань танай дүүд хэргийн талаар хэлээгүй гэж үү?
-С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгтнүүдийн шүүх хурал болохын урьд өдөр шүүгч нь “Өмгөөлөгч аваарай” гэж дүүд минь хэлжээ. Өмгөөлөгч олддоггүй, хайж байж нэг хүнийг оролцуулахаар болсон юм. Цаг тулчихсан, өмгөөлөгч маань тэр олон хавтаст хэрэг, баримт материалтай шүүх хурал болохын урьд орой хальт танилцсан болоод орсон.
-Дүү тань хавтаст хэрэгтэй танилцаагүй байх нь ээ. Хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангах учиртай баймаар юм.
-Ямар асуудлаар, шүүх хуралд гэрч, хохирогчийн алинаар нь оролцохыг хэн ч бидэнд хэлээгүй.
-Та нарыг хохирогчоор тогтоож, байцаалт, мэдүүлэг авч байхдаа өмгөөлөгчтэй болохыг мөрдөгчид зөвлөөгүй гэсэн үг үү?
-Ёстой үгүй. Өмгөөлөгчтэй байх ёстойг мэдсэн бол аль эрт авахгүй юу.
-Дээрх хэрэгтэй холбоотойгоор сүүлийн үед янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Хэргийг шалгасан зарим хүнийг баривчилсан гэдгийг дуулаа байлгүй. Хотод ирсэн тань энэ асуудалтай холбоотой юу?
-Юу болоод байгааг зурагтаар үзсэн. Ц.Нямдорж сайд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс уучлалт гуйлаа. Ная гарсан, сэтгэл санаа нь хүнд байгаа ээж минь тэр тухай сонсоод бүр хямарлаа. Хэргийг шалгаж байсан хүмүүс өндөр настай ээжийг, бие муутай эмэгтэй дүү хоёрыг минь байнга дарамтад байлгасан юм шүү дээ. Яагаад ах, бид хоёрыг хохирогчоор тогтоож, шүүх хуралд биднийг оролцуулж болоогүй юм бол. Биеэ хамгаалах чадваргүй, сул дорой тэднийг энэ бүхэндээ яагаад оролцуулав гээд ярих асуудал их бий. Ээжийг минь эрдэнэтийнхэн сайн мэднэ. Энэ асуудлаас үүдээд одоо ямар болсныг нь ч мэднэ. Ц.Нямдорж сайд тэр хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлж, тэр байтугай гаргах тухай ярьж байна билээ. Хамгийн гол нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс уучлалт эрсэн хэрнээ манайхныг, ная гарсан ээжийг минь орхисонд бид хачирхаж байгаа. Тэр хүмүүс хэрэг хийгээгүй, хилсээр шийтгүүлсэн юм бол миний дүү Отгонбаатар ч хамааралгүй гэсэн үг биз дээ. Тиймээс Ц.Нямдорж сайд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нартай уулзах санаатай. Хаана суудаг, яаж уулздагийг нь мэдэхгүй юм. Учир байдлаа хэлэх зорилготой ирсэн.
Бэлтгэсэн: Д.Дагва