Морин хуурын чуулгын ятгачин, этно жааз “Арга билэг” хамтлагийн ганц эмэгтэй уран бүтээлч О.Мөнхтогтохыг ярилцлагад урьсан юм.
Филармонийн хонгилд хэдэн цагаар ч сууж хөгжмөө давтдаг, харанхуйд ч ганцаараа бүртийж харагддаг түүнээс “Айдаггүй юм уу” гэж асууж байсан удаатай. Ялдамхан дуутай ятга хөгжмийг эзэмдэгч тэрбээр хуульчдын гэр бүл дэх ганц хөгжимчин бөгөөд өдгөө 22 дахь жилдээ тоглож байна. Морин хуурын чуулга, “Арга билэг” хамтлагтайгаа 30-аад улс оронд, тэр дундаа НҮБ-ын танхимд тоглосон, үндэсний ятга хөгжмийг сурталчлагч ийнхүү ярьж байна.
-Та гоцлол хөгжимчин. Хамгийн сүүлд хэний ямар бүтээлийг үзэгчдэд хүргэсэн бэ?
-Хөгжмийн зохиолч Цэн. Эрдэнэбатын ятгын II концертыг “Алтан намар”-т тоглосон.
-Нэгдүгээр концертыг нь тоглож байв уу?
-Үгүй. Удахгүй тоглоно. Надад ноотоо гурван ангиар нь өгсөн.
-Сүүлийн үед концерт хэмээх төрлөөр нэлээд богино зохиолууд бичдэг болжээ. Тоглоход амар юм уу?
-Орчин үеийн зохиолуудыг тоглоход бага зэрэг төвөгтэй болсон. Цаг хугацааны хувьд багассан ч гэлээ техник их шаарддаг, ятгын хөглөгөө хүртэл өөр болж ирж байна.
Жишээ нь, сая хэлсэн концертыг тоглохын тулд хөг өөрчилдөг. Ятгад дөрөв, долдугаар өрөг байхгүй, тавхан хөгөөр тоглодог. Дөрвөн актаваар тоглодог хөгжим хэрнээ зарим бүтээл дээр боломж нь дутдаг талтай. Тиймээс хөг өөрчилж тоглох болдог.
-Концерт нь гоцлол хөгжимчний ур чадварыг давхар шалгадаг айхтар төрөл. Найрал хөгжмийн өмнө ганцаараа суугаад тоглох амаргүй болов уу. Ер нь хэн хэний концертыг тоглосон бэ?
-Сая нэрлэснээс гадна хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Чинзориг нарын ятгад зориулсан концертыг тоглосон.
-Хөгжмийн зохиолч бүрийн бүтээл тухайн хүн хэн бэ, бодол, хүсэл, сэтгэлгээ нь ямар юм бэ гэдгийг харуулдаг уу?
-Тийм ээ. Ая, хөг, өгүүлэмж бүх юм нь өөр болохоор тоглох өөр, өөр арга барил шаардана. Бүгдийг яг адилхан тоглоод байвал хэдийгээр цаасан дээр бичсэн ноот нь өөр ч ерөнхийдөө бүрхэг, илэрхийлэл ялгарах юмгүй болно.
Зарим хөгжмийн зохиолч концертынхоо каденц буюу гоцлол хөгжимчин ганцаар тоглох хэсгийг эвдэж болно гэдэг. Гоцлон тоглоочид тэр хэсэгт юу нэммээр, өөрчилмөөр байна, чөлөөтэй хийгээрэй гэдэг. Каденцаар нь хөгжмийн зохиолчдын зан төрх, хөгжмөөр дамжуулж хэлэх гээд байгаа санаа нь харагддаг.
-Жишээ нь, Жанцанноров гуайн ятгын концертын каденцаас юу мэдрэгддэг вэ?
-Сүүлд бичсэн хоёрдугаар концертынхоо каденцыг Ц.Намсрайжав гуайн сэдлээр хийсэн гэдэг. Түүний “Говь гурван сайхан” гэж алдартай сайхан бүтээлээс сэдэвлэсэн юм билээ. Гоцлол хөгжимчинд каденц хөгжүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн.
Байгалийн сайхныг дүрслэхийн зэрэгцээ байгаль л юм чинь давагдашгүй гамшиг тохиолдоно, түүнийг дүрсэлсэн, сүр хүчийг илтгэсэн тоглолтыг өөрийн санаснаар, техникээр хийж болно гэсэн. Би ч бодож байснаараа тоглосон. Ер нь эрэл хайгуул нэлээд хийсэн.
-Түрүүн хөгжим тоглох нь бодохын нэр гэж хэлсэн. Үүнийг тайлбарлаж өгөөч.
-Ямар ч шинэ зохиол тоглохын өмнө их боддог. Магадгүй үзэгчид хөгжимчдийн тухай бэлэн ноот хараад, ядах юмгүй тоглодог хүмүүс байдаг гэж боддог байх. Гэтэл бид тоглохоос илүүтэй боддог.
Энэ хэсэгт ингэж тогловол ямар байх бол, хэмжээг нь бага зэрэг өөрчилбөл юу болох бол гэж санааширна. Ажил дээр ирээд туршиж үзнэ. Машинд, дэлгүүрт явахдаа, заримдаа унтахаар хэвтэх үедээ ч өнөөх хөгжмөө л гэнэ.
-Ятга хөгжимчний тоглож, үзүүлж, харуулах техник бүрийг та гүйцээсэн үү?
-Миний мэдэхгүй юм их бий. Хөгжимчин бүр өөр, өөрөөр сэтгэнэ. Тийм болохоор хэнээс ч, юу ч гарч мэднэ. Хөгжим тоглох гэдэг нь мэдлэгийн төдийгүй мэдрэмжийн, бүтээлч эрэл хайгуулын ажил учраас хэр зүтгэнэ, тэр хэмжээгээр шинэ юм олно.
-Ятга тоглох ямар ямар техник байдаг вэ?
-Няслах, цохих, шудрах, маар дээр дарах гээд олон янз. Зарим үед хөгжимчин өөрийнхөө хүсэж байгаагаар, зохиож тоглох нь байдаг болохоор тодорхой нэрлэж хэлэх аргагүй үйлдэл, хөдөлгөөн ч байдаг. Хөгжим тоглохыг сонсохын зэрэгцээ харахад бас гоё байх ёстой. Хүн бас “нүдээрээ сонсдог” гэж боддог. Өөрөөр хэлбэл, үзэгч, сонсогчид тоглож байгаа хөгжимчнийг харж таашаал авдаг.
-Гадаадын ятгачдаас суралцах зүйл байдаг уу. Эсвэл манайхан бүгдийг сураад, эзэмшчихсэн үү?
-Байлгүй яах вэ. Япон, Солонгос, БНХАУ зэрэг Азийн оронд ятга байдаг. Хятадын ятгачид ур чадвараар илүү, тэднээс сурах зүйл маш их. Бид хумсаар ч, өндгөөрөө ч тоглодог л доо. Гэсэн ч тэдний ятгачдаар хумсаар яаж нарийн тоглох тухай заалгаж байлаа.
-Ятга тоглохоос залхаж байсан удаатай юу?
-Байхгүй. Тоглох тусмаа дурладаг. Тухайн зохиолыг санасандаа хүртэл давтан, өөрийн болгож, уран гоё тоглохоос нааш босмооргүй байдаг.
-Өдөр, шөнө ээлжилдэг, унтаж амрах ёстой болохоор завсарладаг уу?
-Заримдаа бараг л тийм. Шөнө болчихоод байхад мэдэхгүй сууж байх нь бишгүй.
-“Хөгжимчид сайн байх урамтай юм, хөгжим бичээд л баймаар” гэж нэгэн хөгжмийн зохиолч ярьж байсан. Энэ тухай та нарт чухам юу гэж хэлдэг юм бол?
-Би хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатад “Гоё зохиол бичээд л байгаарай” гэж хэлсэн юм. Тэгтэл “Та нар амархан тоглочих юм байна шүү дээ. Үүнийг тоглох гэж нэлээд юм болно доо гэж бодоод өгөхөөр юу ч болоогүй юм шиг тоглочих юм гэж байсан (инээв).
-Хөгжмийн сайхан юунд байдаг вэ?
-Хөгжим сонсдог, тоглодог хүн муу, муухай юм тэр бүр боддоггүй. Байж болох бүхий л гоё мэдрэмжийг хөгжмөөс авдаг болохоор байнга, бүр өдөр тутам эерэг энергиэр “цатгалан” явдаг. Амьдралд таагүй зүйл хэнд ч тохиолдоно. Түүнийг давж гарахад, амьдралын дараагийн асуудалд өөрийгөө бэлдэхэд, сэтгэл санаагаа төвшитгөхөд хөгжим тусалдаг.
Сэтгэл хөгтэй байна л гэсэн үг. Хөгжим сонсох гоё бол тоглох түүнээс илүү гоё. Тоглоод л баймаар, битгий дуусаасай гэж бодмоор зохиолууд байдаг. Жишээ нь, “Цагаан суварга”-ыг нэрлэнэ.