Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Чулуут гэдэг газар энэ сарын 25-нд ойн түймэр дэгджээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Хилийн 286 дугаар ангийнхан, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан түймрийн голомтод ажиллаж буй юм байна.
Аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоос энэ талаар тодруулахад “Хилийн зурвасаас 20 км орчим зайд түймэр дэгдсэн. Хоёр км урт, нэг км орчим өргөн газрыг хамарсан. Холбогдох албаныхан хамтран ажилласны дүнд хяналтдаа авлаа. Мэргэжлийн хүмүүс түймрийн шалтгааныг тогтооно.
Аймгийн хэмжээнд хуурайшилтын зэрэг дунд түвшинд байгаа. Нийт нутгийн 90 хувь нь цастай. Өнөөдрөөс (өчигдөр) дахиад цас унаж буй учраас хуурайшилтаас шалтгаалсан гэж дүгнэх үндэсгүй. Урьдчилсан байдлаар хүний үйл ажиллагаатай холбоотой буюу хулгайн анчдаас болж түймэр дэгдсэн болов уу гэж таамаглаж байгаа” гэж мэдээллээ.