Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ) өнгөрсөн нэгдүгээр сард Нярай судлалын тасагтай болсноосоо хойш 413 хүүхдэд үйлчилжээ. Тэдний 358-ынх нь бие сайнгүй байсан ч эмч нар хүүхдүүдийг эдгээжээ. Тодруулбал, биеийн ерөнхий байдал нь маш хүнд, хүнд, хүндэвтэр гэсэн заалттай таван нярай эмчлүүлсэн байна. Нярай судлалын тасгийнхан өчигдрийн байдлаар дутуу төрсөн найман хүүхдэд эрчимт эмчилгээ хийж буйгаа дуулгасан.
Уг тасгийг орон нутагт байгуулснаар нарийн мэргэжлийн эмч нар 0-28 хоногтой нярайд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэж, чанар, хүртээмж нь сайжирсныг онцолсон. Гэвч эмч нар 24 цагийн турш жижүүрлэн, хүүхдүүдийг эмчлэх болсноор эмнэлгийн зардал 55-60 сая төгрөгөөр нэмэгджээ. Тиймээс БОЭТ-ийнхөн аймгийнхаа ЗДТГ болон ЭМЯ-нд төсвөө нэмүүлэх хүсэлт гаргах гэнэ.