Хавар болж, утаа суунаглаж харагдах нь багассан ч хоруу чанар нь арилаагүй байна. Цаг уур, орчны шинжилгээний газрынхан өнгөрсөн долоо хоногт агаарын бохирдлыг өмнөх жилийн мөн үетэй харьцуулан судалжээ. Хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээ буурсан ч нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор багасаагүй, харин ч ихэссэн байна.
Тухайлбал, энэ сарын 21-нд Амгалан орчимд нарийн ширхэгт тоосонцор стандартаас 2.1 дахин, 23-нд Нисэхэд бүдүүн ширхэгт тоосонцор хүлцэх хэмжээнээс хоёр дахин их байжээ. Өчигдөр 20.30 цагийн үед Зурагт орчимд нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 3.1 дахин их байсан юм.
Мөн Зуун айл, Толгойт, Баянхошууг ч стандартаас их тоосонцор бүрхжээ. Ташрамд дурдахад, хүний үсний ширхгийг хэдэн арав хуваасантай тэнцэхүйц жижиг хэмжээтэй гэгддэг тоосонцор нь уушги, зүрхний өвчин, тэдгээрээс үүдэн нас барах гол шалтгаан болдог аж.