АТГ сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ оны гуравдугаар сард хийсэн ажлаа тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар танилцуулсан юм.
МХЕГ-аас олгодог импортын мэдэгдэл, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээ авахад бүрдүүлэх бичиг баримт тодорхой бус, олон даргын гар дамжин цохдог, бүрдүүлсэн материалын хариуг хэзээ өгөх нь тодорхойгүй, гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй зэрэг зөрчил дутагдал илэрч улмаар энэ нь авлигын гэмт хэрэг гарах үндэс болж байж.
Төрийн энэ үйлчилгээг дүрэм, журмаар зохицуулаагүйгээс хэн нэг албан тушаалтны үзэмжээр бизнес эрхлэгчдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж байсан гэнэ. Тиймээс АТГ-ынхан үүнийг таслан зогсоохоор ажиллаж байгаа аж.
ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчид, тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгах хүрээнд Гаалийн ерөнхий газартай хамтран хяналт шалгалт хийж буй. Шалгалтаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нэрийн доор томоохон аж ахуйн нэгжүүдийг гаалийн албан татвараас чөлөөлснийг тогтоосон байна.
Жижиг, дунд үйлдвэрийн ангилалд хамаарахгүй зарим томоохон аж ахуйн нэгжийн импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлсэн энэ асуудлыг бид эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын 2018 оны мэдүүлэгт цахимд суурилсан дүн шинжилгээ хийж, өндөр үнийн дүнтэй хөрөнгө, орлого бүхий албан тушаалтнуудынхыг нарийвчлан шалгаж буй аж.
Үүнийн дагуу зарим шүүгч, банк бус санхүүгийн байгууллагатай гэх Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны нэр бүхий ажилтнууд зэрэг 67 хүний ХАСХОМ-ийг нягталж байгаа гэнэ. Өнгөрсөн сард хийсэн шалгалтаар Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Хан-Уул дүүрэг дэх ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр нарын цалингийн хэмжээг 1-2 сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
ШШҮХ-ГИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХОЛБОГДСОН ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСАВ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл хянаснаас 19-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргаж, 12-т нь хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлжээ. Өдгөө 26 гомдол, мэдээллийг нягталж буй гэнэ.
Өмнөх он, сарын үлдэгдэлтэй нийлээд 408 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13-ыг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хянуулж байгаа юм. 44 хэргийг хаах, долоог харьяаллын дагуу шилжүүлж, нэг хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгахаар болжээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс онцолбол, ШШҮХ-гийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал бий болгож, хуурамч дүгнэлт гаргасан гэх хэргийг шалгаж дууссан байна. Уг хэрэг нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулга бусдыг хүчирхийлсэн гэх хэрэгт дүгнэлт гаргасан хүмүүст холбогдох үйлдэл гэдгийг эх сурвалжууд хэлэв.
Мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар 2016-2017 онд ажиллаж байсан Д.Очирбат яамныхаа хөрөнгөөс завшсан, МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон талаар бид мэдээлж байсан билээ. Түүнчлэн ХСИС-ийн мэргэжилтэн 2018-2019 онд тус сургуульд элсэгчээс хахууль авсан үйлдлийг шүүхэд шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлсэн аж.
Ч.ЖАРГАЛБААТАР: ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ НОТЛОХ БАРИМТЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА
Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хариулсан юм.
-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэгт гадаад улсаас мэдээлэл ирсэн гэсэн. Түүнийг ямар, ямар хэрэгт шалгаж байгаа вэ?
-Н.Золжаргалд холбогдуулан гурван багц асуудлыг манайд шалгаж байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа арилжааны банкуудад хуулиар тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон, Австри улс руу мөнгө шилжүүлж, байшин худалдаж авсан, хууль зөрчсөн хэлцэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байна. Эдгээр асуудлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгана.
-УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой асуудлаар эрүүдэн шүүсэн хэмээн хуулийн байгууллагынхныг шалгаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-С.Зориг амиа алдсан хэргийг гурван шатны шүүх эцэслэн шийдсэн. Шүүхийн шийтгэх тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр учраас хэргийн шийдвэрийн талаар мэдээлэл өгөх эрх бидэнд байхгүй. Харин энэ хэргийг шалгаж байхдаа эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй үйлдэл тодорхой болсон учраас прокурорын байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ирүүлсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ явцад хууль зөрчсөн байж болох нотлох баримтуудыг хураасан. Одоо нотлох баримтуудаа үнэлэх, бэхжүүлэх ажил хийж байна. Тухайн ажлын хэсэгт ажиллаж байсан хоёр хүнийг 15 хоногийн хугацаагаар цагдан хориод байгаа. ШШГЕГ-т ажиллаж байсан нэг хүнийг баривчилсан ч удалгүй сулласан.
-“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой хэрэгт нэр бүхий шүүгчийг шалгаж эхэлсэн гэв үү?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилттэй холбоотой асуудлыг шалгах ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар хэн нэг шүүгчийг шалгуулах хүсэлт, гомдол, мэдээлэл ирүүлээгүй. Харин нэг шүүгч энэ асуудлаар өөрийгөө шалгуулах хүсэлт тавьсны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Шүүгч нартай холбоотой хоёр төрлийн үйлдлийг манай хэлтэст шалгаж байна. Нэг хэсэг нь ХАСХОМ-тээ бүртгүүлсэн хөрөнгөө үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, нөгөө нь тодорхой төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсний төлөө бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байгаа юм. АТГ-аас найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, мэдүүлсэн хөрөнгө, орлогоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэсэн үндэслэлээр манайх 18 шүүгчийн ХАСХОМ-ыг хянасан. Үүнээс найман шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх саналаа прокурорт тавиад байгаа. Зарим шүүгч өөрсдөө ирж мэдүүлэг, тайлбараа гаргаж, нотлох баримтаа өгсөн.
-Сайд асан С.Баярцогт дансны хуулгаа өөрөө танайд өгсөн хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн. Швейцараас ирсэн баримт өөрийнх нь гаргаж өгснөөс өөр үү?
-Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ахиц гарч байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн. Манай байгууллага Швейцарын мөрдөн шалгах байгууллагатай хамтран ажилласны дүнд бий болсон нотлох баримтуудыг ГХЯ-аар дамжуулан илгээснийг Улсын ерөнхий прокурор хянаад манайд өнгөрсөн баасан гарагт ирүүлсэн.
Дан ганц дансны хуулга биш, шаардлагатай бусад нотлох баримт ч бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрт холбоотой хэрэгт цагаатгах нотлох баримтаа гаргаж өгөх эрх нь нээлттэй. Энэ эрхийнхээ хүрээнд С.Баярцогт зарим материал авчирч өгсөн. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохих журмын дагуу олж авсан нотлох баримтыг л үнэлдэг.
-ЖДҮХС-гаас зээл авсан яг хэдэн гишүүнийг шалгаж байна вэ?
-ЖДҮХС-гийн гэх хэрэгт нийт 60 орчим албан тушаалтан, тэр дундаа улс төрд нөлөө бүхий этгээдүүд хамаарал бүхий компаниуддаа зээл олгосон байж болзошгүй гэсэн шалгалтын дүн урьдчилсан байдлаар гарч байсан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Бусад албан тушаалтныг шалгаж байна. Гэм буруутай үйлдэл нь нотлогдсон тохиолдолд саналаа гаргаж дараагийн шатны байгууллагад хүргүүлнэ. Гэхдээ дээр дурдсан 60 албан тушаалтан бүгд гэм буруутай гэсэн үг биш. Зарим нь тойрогтоо жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гээд үйлдвэрлэгчтэйгээ хамтран ажиллаж байсан хүмүүс бий. Зарим нь орон нутгаас ирсэн хүсэлтийг уламжилсан байна.