1989 оны нэгдүгээр сарын 8-нд эхэлсэн Хэйсэй эрин ирэх сарын 30-нд Японы эзэн хаан Акихито хаан ширээнээсээ бууснаар дуусах учиртай. Тиймээс эл эриний сүүлчийн башёд хэн түрүүлэх нь олны их анхаарлыг татаж байв. Харү башёгийн түрүүг хоёр монгол сүмоч булаалдаж, сүүлчийн өдөр эзэн хааны цомын эзэн тодорлоо.
Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал ганц ч уналгүйгээр манлайлж, түрүүгээ 42-т хүргэв. Ингэснээр монгол сүмочид дээд зиндаанд 84 удаа түрүүлсний яг тал нь Хакүхогийнх боллоо. М.Даваажаргал Харү, Нацү, Кюүшюү башёд найм, Аки, Нагояд долоо, Хацүд дөрвөн удаа түрүүлж, спортын хорхойтнуудыг баярлуулсан юм. Тэгэхдээ ганц ч уналгүйгээр 15, 14 давсан амжилтаар 18, хоёр өвдөг шороодсоноор эзэн хааны цомыг найман удаа өргөжээ. Түүнтэй түрүү булаалдсан Ичиножёо А.Ичинноров 14 давж, нэг унасан амжилтаар Харү башёг дуусгав.
Тэрбээр тэмцээний найм дахь өдөр озэки Точиношинд өвдөг шороодсон юм. Өнгөрсөн сарын башёд түрүүлсэн Тамаваши Б.Мөнх-Оргил тавин хувийн амжилт үзүүлж чадаагүй бол ёкозүна Какүрюү М.Ананд 10 давж, тав уналаа. Энэ сарын башёд 10 давж, таван удаа өвдөг шороодсон Такакэйши озэки цолны болзол хангаж, нутаг нэгтнүүдийнхээ япон аваргатай болох хүсэлд оч нэмэв.
Цагтаа озэки цол хүртэн, аваргуудын залгамж гэгдэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас гавьтай барилдаж чадахгүй байгаа. Зиндаа буурсаар Жониданы баруун жигүүрийн 48-аас барилдсан тэрбээр ганц ч уналгүйгээр түрүүлэв. Ингэснээр ирэх сарын башёд санданмэ зиндаанд дэвших нь тодорхой боллоо.