АНУ-ын ерөнхий прокурор Уилльям Барр өөрийн тусгай төлөөлөгч Роберт Мюллерын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын оролцоо байсан эсэхийг мөрдөн шалгах ажлын тайлантай танилцаад өөрийн дүгнэлтийг Конгрессд хүргүүлжээ. Тэрбээр “Дональд Трамп болон түүний сонгуулийн штабын аль нэг ажилтан ОХУ-тай санаатай үгсэн хуйвалдсан гэсэн ул мөрийг тусгай төлөөлөгч Мюллер олоогүй байна” гэж бичжээ.
Гэхдээ эл баримтад Роберт Мюллерын “Уг тайлан ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа хэдий ч түүнийг өөгүй цэвэр хүн гэсэн үг биш” гэснийг иш татжээ. Үүнээс гадна тусгай төлөөлөгч Мюллер тайландаа ОХУ-тай ямар нэгэн талаараа холбоотой хувь хүмүүсийн зүгээс тусламж үзүүлэх олон тооны санал Трампын багт ирж байсныг онцолсон аж.
“Тусгай төлөөлөгчийн тайланд сонгуульд нөлөөлөх гэсэн Оросын талын оролдлогуудыг өгүүлээд үүнтэй холбоотой үйлдсэн гэмт хэргүүдийг жагсаасан байна” гэж Барр илтгэлдээ тэмдэглэсэн байна. “Бид бүрэн цагаадлаа Ямар ч хуйвалдаан байгаагүй, ямар ч хөндлөнгүй оролцоо байхгүй...Улс орон энэ бүхнийг туулах болсон нь, ерөнхийлөгч сонгогдхоосоо өмнө энэ бүхнийг давах шаардлагатай болсон нь гунигтай” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Трамп жиргэсэн байна. Тусгай төлөөлөгч Роберт Мюллерын бараг хоёр жил явуулсан уг мөрдөн шалгах ажлын хүрээнд 34 хүн, гурван компани яллагдагчаар татагджээ. Үүнээс гадна ОХУ-ын 26 иргэн мөн яллагдсан байдаг.