Дэлхий ертөнцийг хүн бүрийн гарт атгуулагч, технологийн магнат, алдарт “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын амьдрал, замналаас сэдэвлэсэн “Стив Жобс” хэмээх оюун санааны моно драм бүтээж, нээлтийн тоглолтыг дөрөвдүгээр сарын 1, 2-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах гэж буй продюсер Чоно багштай ярилцсан юм.
-Шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэх гэж байгааг тань сонсоод бараг л алга ташлаа. СУИС-ийн өнгөрсөн хавар бүтээсэн “Галайхан” дуурилгын зохиолыг та бичиж, найруулсан. Маш сонирхолтой бүтээл болсон. Энэ хүн дараа нь юу үзүүлж, харуулах бол гэсэн бодол тухайн үед төрж байсан юм. Тэгтэл жил хүрэхгүй хугацааны дараа гэнэтийн бэлэг мэт мэдээлэл дуулгалаа. Apple-ийн Стив Жобсын амьдралаар жүжиг, тэгэх тусмаа моно драм бүтээх санаа хэзээ, яаж төрсөн бэ?
-Стив Жобс гэж чухам хэн юм бэ гэдэг талаар бичиж, бүтээл болгох тухай дөрөв, таван жил бодож, материал цуглуулж, судалгаа хийсэн юм. Миний бодох удаан л даа. Бичих бол яах вэ дээ. Тэгтэл зохиолыг нь бичиж, найруулсан “Галайхан” дуурилгыг олон хүн үзээгүйд харууссан бодол хатгав. Тэр даруйдаа хэдхэн хоногт зохиолоо гаргачихсан. Бичихдээ жүжиг ямар байх тухай, тайз ямар байхаас авахуулаад бүхнийг хамт бодож явлаа.
-Найруулагчийн зохиолыг хамтад нь гаргаад явсан гэсэн үг үү?
-Ер нь бол тийм. Түүнээс хойш ажилласаар байгаад одоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.
-Дөрөвдүгээр сарын 1-нд нээхийн учир юу билээ?
-Нэгдүгээрт, Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Хоёрдугаарт, энэ нь дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг өдөр. Энэ өдөр би үзэгчдэд Стив Жобсын тухай жүжгийн зохиолоо өгөх юм. Бэлэглэнэ.
Дөрөвдүгээр сарын 1-нд хошин шог үзэх нь үздэг л юм байгаа биз. Оюунлаг, гэгээлэг хүмүүс нь тэр хоёр өдөр үзэх юмтай байг л даа. Ийм шалтгаануудаар энэ өдрийг сонгосон. Зохион байгуулах багийн залуус маань арай давчуу юм биш үү гээд байсан л даа. Би бол цагийн юм цагтаа гэж боддог. Энэ өдөр өнгөрөх л юм бол уг жүжгийг тоглуулахын хэрэггүй. Угаасаа бүтээхийн ч хэрэггүй. Би бас тэр агуу хүнд хүндэтгэл үзүүлмээр байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийд Стив Жобсын тухай уран сайхны хоёр, баримтат нэг кино л байдаг. Жүжиг тоглосон тухай мэдээлэл одоогоор байхгүй. Одоо Монголд төрөх гэж байна. Түүний хэлсэн “Би дарангуйлагч гэдгээ мэднэ. Гэхдээ ямагт хүнлэг байдаг” гэж үг бий. Түүн шиг би бас өөрийнхөөрөө зүтгээд дарангуйлагч болчихоод байна (хөхрөв).
-Моно драм гэдэг нь нэг жүжигчин нэг дүрд тоглодог жүжиг гэж ойлгоод байгаа. Энэ жүжгийн гол бөгөөд цорын ганц дүр нь Стив Жобс юм байна. Энэ түүхэн хүний дүрийг ямар жүжигчин бүтээж байгаа вэ?
-Нууц. Би маркетингийн залуустаа ч хэлээгүй, тоглолтын бэлтгэл эрт эхэлсэн ч хэнийг ч дагуулж очдоггүй. Мэдээлэл алдчихвал яана. Одоо гайгүй гэж байгаа жүжигчдээс Болд-Эрдэнэ юм уу, Эрдэнэбилэгийг сонгож болох байсан. Гэхдээ тэднээс үзэгчид өөрсдийг нь л хараад байна уу гэхээс Стив Жобсыг олж харахгүй. Тэгэхээр шинэ хүнтэй хамтарч ажиллах нь зөв.
-Шинэ хүн маань жүжигчин биз дээ?
-Жүжигчин. Нэг юмыг хэлэх хэрэгтэй. Жүжигчдэд бүтээж байгаа дүрээсээ том болчихдог, биеэ тоодог гэм байна. Олонд танил жүжигчин Стив Жобсын дүрийг бүтээлээ гэж бодоход “Стив Жобсд тоглосон жүжигчин тэр гэж уран бүтээлчийг мандуулах нь утгагүй юм.
Стив Жобс гэдэг агуу нэр, алдар тухайн жүжигчнийг өргөнө үү гэхээс, жүжигчин цээжээ дэлдээд “Би тэгж гаргасан, харуулсан” гэж ирээд яриад байх бол утгагүй, ичгэвтэр. Тухайн дүрийг хэр бүтээснийг үзэгчид л хэлнэ. Харин жүжигчин бол даруу байх тусмаа үнэ цэнэтэй. Дүрээсээ том жүжигчин гэж байдаггүй.
-Жүжгийн найруулагч хэн бэ?
-Нээлтийн тоглолт дөхөөд байхад найруулагч нь хэн юм гэдгийг хэлэхгүй байж болохгүй байх. Би өөрөө найруулж байгаа.
-“Галайхан” дуурилгыг найруулсан туршлагадаа дулдуйдав уу?
-Зөвхөн тэр биш. Би найруулагч хайж, мэргэжлийн хоёр, гурван хүнд уншуулсан юм. Зохиолыг ойлгохгүй байсан. Уулзаж гараад “Яана даа, энэ жүжигт найруулагч олдохгүй юм байна” гэж бодсон. Өөрөө хар толгойгоороо зүтгэхээс өөр гарцгүй болсон. Тэгэхээр нь арай сэргэг байж магадгүй гэж бодсон уран бүтээлч залууг санаад очсон минь оносон л доо. Ойлгох нь харьцангуй дээр байсан.
Маргааш нь дахиад яваад очтол өнөөх залуугийн нүд нь өөр болчихсон “Баярлалаа. Яг ийм юм одоо хэрэгтэй байгаа” гэснээ тэврээд “Жүжгийн зохиол авчирсан танд баярлалаа” гээд байв. Тэр хүн одоо туслах найруулагчаар ажиллаж байна. Бид хоёр гар нийлж байгаа. Жүжгийг бүтээхээр нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
-Моно драм гээгүй бил үү?
-Моно драм гэхээр ганцхан жүжигчин тоглодог гэсэн үг биш. Нэг жүжигчин нэг дүр бүтээж тоглож, жүжиглэж болно. Жүжиг гэдэг нь амьдрал юм бол тэнд чинь орчин байх ёстой. Түүнийг бүрдүүлэхгүйгээр яаж уран бүтээл хийх юм бэ. Манайд ер нь уран бүтээлийн талаарх ойлголтууд хэтэрхий дорой байгаа. Шинэ юм эрж хайхгүй, сэдвийн хомсдолд орчихсон, бичдэг, сэтгэдэг хүн байхгүй.
Найруулагч нар нь нэгэн хэвийн сэтгэлгээнээс гарахаа байсан. За, энэ талаар яриад байвал дуусахгүй. “Стив Жобс” жүжгээ дараа нь зурагтаар цацна. Үүнийг тавиад мөнгө олох гээд байгаа юм биш. Олонд яаж түгээх вэ гэж л бодож байна. Хүмүүст юм хэлж, санаа өгөх гэсэн юм. Өөрсдийг нь өөрсдөд нь харуулах гэсэн юм.
Үзэгч жүжиг үзээд Стив Жобс ийм хүн байсан юм байна гэж бодохоос илүү өөрөө өөрийгөө хөндлөнгөөс харах байх. Уран бүтээлийн зорилго тэр. Технологийн аргаар дэлхий ертөнцийг өөрчилсөн тэр агуу хүний амьдрал, тэмцэл, амжилт, уналтын тухай үнэнээр өгүүлэнгээ өнөөгийн хүмүүст өөрсдийгөө толинд харах, өөрийнхөө тухай бодох боломж олгох гэж байгаа юм. Жобс өөрийгөө дарангуйлагч гэдэг байсан. Тэр нь ч үнэн. Тэр дотоод сэтгэлдээ маш их зөрчил, тэмцэлтэй байсан ч, гэгээрч, тайвширъя гэсэн их хүсэл тэмүүлэлтэй хүн байсан юм. Энэ тухай нь мэддэг хүн байдаг юм уу.
-Стив Жобсын тухай жүжгийн зохиол бичсэн гэхээр тань түүний, нөгөө ертөнцөд очихынхоо өмнө хүн төрөлхтөнд хандаж хэлсэн үг, захидалд тулгуурлаж ажиллажээ гэж бодож байлаа.
-Үгүй. Түүнийг хүн болгон мэднэ. Би Стив Жобс гэдэг домгийг дөрвөн жил гаруй хугацаанд судалж, материал цуглуулсан гэж хэлсэн. Түүнийг яаж инээдгийг мэдэх хүн хэд вэ. Хаана, хэнтэй, юу хийж явсан бэ. Дэлхий нийтээрээ зохион бүтээсэн бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг.
Харин дэлхий ертөнцийг гарт нь атгуулж өгсөн тэр хүн ямар амьдрал туулсан, зам нь дандаа дардан байсан уу, хэрхэн гуньж гутарч, мансуурч явсан, ямар хүүхнүүдтэй хоног төөрүүлж, харин алийг нь хайрлаж байсан бэ гэдгийг мэдэх үү. Хорт хавдраар өвдөж, хүн харахын аргагүй амьтан болсон гэж ярьдаг л болохоос дотооддоо ямар гэгээн, гэрэлтэй хүн байсныг нь анзаарсан уу. Бурхныг залуу хүн мэтээр төсөөлж, зурдагтай адил би гол баатраа хүмүүсийн боддогоос өөрөөр бүтээж байгаа. Эрч хүч гэж юу байдгийг түүний мөн чанаруудаар харуулахыг зорьж байна.
-Тэгвэл Стив Жобс үхээгүй, тэр бидний дунд байсаар л байна гэсэн өнцгөөс ханджээ?
-Тийм. Түүний үйлс бүтээл мөнхийн, хүн төрөлхтөнд хэлсэн, үлдээсэн захиас нь “амьд”, тийм болохор тэр үхээгүй, “амьд”. Тэр бол дэлхийн хүн. Монголчууд өнөөдөр урлагаар дэлхийтэй ярих цаг болсон. Ялангуяа драмын төрлөөр.
-Монголын тухайд энэ орон зай хоосон байна уу?
-Хоосон л байна шүү дээ. Хэн ажиллаж байгаа юм бэ. Их хадуураад яах вэ, “Жобс”-оо л ярья.
-Тэгэхээр Стив Жобсын тухай жүжиг Монголд анхлан төрөх нь ээ?
-Тийм. Монголчууд анхлан хийх ёстой юм. Яагаад гэхээр гуравхан сая хүн амтай манай улс мөддөө Apple-ийн дистрибьютер болж чадахгүй. Яагаад гэхээр тэднийх 15 саяас дээш хүн амтай улсад дистрибьютер компаниа байгуулдаг, нээдэг.
Apple-ийн төлөвлөгөөнд хэзээ ч орохгүй байх магадлалтай Монголд, тус компанийг үндэслэгч Стив Жобсынх нь тухай жүжиг тавих нь өөрөө сонин, анхаарал татах үйл явц болох ёстой юм. Бид тэгж холыг хардаг улс. Би энэ жүжгийг тавих хөрөнгийг өөрөө босгож байгаа. Өөрөөр хэлбэл миний санаачилгыг дэмжсэн хүмүүсийн, залуусын, миний уншигчдын дэмжлэг жүжиг тавих хэрийн хөрөнгө болж цуглаж байна. Мөнгө дутаж байгаа л даа. Гэхдээ болгоно.
Энэ хүмүүс яагаад нэгдээд, хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулаад жүжгийн төлөө санаа тавиад байгаа юм бэ гэхээр Монголд энэ гаргийн технологийн магнатын тухай жүжиг төрөх гэж байгааг дэмжээд, хамтдаа баярлаад, бүтээлцчих юм сан гээд байгаа юм. Би жүжигчнээ байнга загнаж байгаа. “Чи эх орноо бодож тогло. Өөрийгөө хэзээ ч бүү бод. Чи дэлхийн хүний дүрд хувирах ч гэлээ чи монгол хүн. Монголчуудын нэрийн өмнөөс дэлхийд дуугар. Гэхдээ дуу хоолойгоо чангалах, цээжээ дэлдэх хэрэггүй. Монголоо хайрлаж, өргөж, түүний нэрийн өмнөөс л тоглоодох” гээд байгаа. Би жүжигчнийг үнэхээр дарамталж байгаа. Гэхдээ тэвчээд, Стив Жобсын дүрийг найруулагчийн шийдлээр гаргачих юмсан, бүтээчихсэн гэж хичээгээд байгаа зүтгэл нь гайхамшиг.
Би дотроо түүнийг их хайрлаж байгаа. Бид нар хэдэн сарын турш битүүмжилсэн мэт бүгж бэлтгэл сургуулилалтаа хийлээ. Одоо арав хүрэхгүй хоногийн дараа үзэгчдэд хүргэнэ. Монголчуудын бүтээсэн Стив Жобс ямар болсныг дэлхийн бүх бүх хүн харах ёстой. Энэ жүжгээр дамжуулж дэлхий Монголыг нэг мөсөн таних болно. Яагаад гэхээр дэлхийн номер нэг хүнийг монголчууд жүжигт урлан бүтээсэн учраас.
-Та одоо хэдий аяархан ярьж байгаа ч, маш чанга дуугарч байна даа.
-Би хийж бүтээж байгаадаа сэтгэл хангалуун байна. Судалгаа хийх үүднээс ийм жүжиг бүтээж байгаа гэдгээ залуучуудад хэлж үзсэн юм. Тэгэхэд үнэнээсээ гайхаад байгаа юм чинь. “Энэ хүнээр жүжиг хийх ээ, болох уу” гээд байсан. Зарим нь бараг л “Чадах уу” гээд байх шиг. Яагаад болохгүй гэж.
Эргэлзээд байгаа нөхдийн өнцгөөс харахад нэг талаар тэд Стив Жобсыг шүтэж, бурханчилж үзэж байгаа мэт. Нөгөө талаар монгол хүн, монгол уран бүтээлч тэр агуу хүнийг тайзны бүтээлийн гол баатар болгоод, амьдралыг нь жүжиг болгож чадахгүй, хүч, чадал, мэдлэг, мэргэжил нь хүрэхгүй гэж, өөрөөр хэлбэл өөрсдийгөө голж, өөрсдийгөө басамжлан доромжилж байгаа мэт байсан. Чадна шүү дээ. Сэтгэлд багтсан л бол бүтээнэ. Гагцхүү хөрөнгө, санхүүд тулж ирэхээр асуудал үүсэж байна.
Дэмжигчид, сайхан бүтээл төрүүлээсэй гэж бодсон хүмүүс тал талаас нийлээд хөрөнгө босголцож байна. Болох байх. Өнгөрсөн зун найруулсан “Галайхан” дуурилгад би зохиолч, найруулагчаар ажилласан л болохоос тэр миний бүтээл байгаагүй. СУИС хөрөнгө гаргаж шинэ бүтээл төрүүлсэн нь тэр. Тухайн үед хоорондоо зайтай, хоёр удаа тоглоод зогсоосон нь хангалтгүй. Өргөн олон нийтэд хүргээгүй. Үүнд би харамссан юм.
Удаан бодсон. Яавал сайн бүтээл төрүүлээд, болж өгвөл бүх монголчуудад үзүүлэх вэ гэж. Шаналсан. Тэгсний дүнд “Стив Жобс” жүжгийн зохиолоо бичсэн. Олон жил бодсон болохоор маш хурдан бичсэн. “Галайхан”-ы багийнхандаа баярлаж байна. Олон оюутан, уран бүтээлч, багш нарын оролцоотой бүтсэн, сургууль нь санхүүжүүлсэн. Тэр жүжгийн зохиолыг бичих уран бүтээлчээр, улмаар найруулагчаар урьсанд нь маш их баярлаж байгаа. Хөөмий хэмээх гайхамшигт урлаг, чадварыг дуурийн түвшинд бүтээл болгож болно гэж бодсон хүн олон байгаагүй байх. Үүнтэй адил Стив Жобс хэмээх, дэлхийн бүх хүний мэддэг нөхрийн амьдралыг жүжиг болгоод тавьчих нь монголчуудад л байх зориг болов уу.
-Сайхан, санаанд оромгүй бүтээл төрөх гэж байгаа нь мэдрэгдэж байна. Энэ тэгэхээр таны хэд дэх зохиол болж байна?
-Мэдэхгүй ээ. Би тоолдоггүй. Уншигчид тоож уншсан хэдэн бүтээл бий. Ном гарсан даруйд уншдаг хэсэг бүлэг хүн бий болжээ. Миний оюун дахь бодлууд номын хуудсан дээр гараад ирэхэд, тосож аваад уншин, өөрийнхөө бодолтой сүлээд, эргээд санаа оноогоо хуваалцдаг, уулзах гэж хайдаг хүмүүс байдаг болохоор би бичдэг байх.
-Та бүтээлүүдээсээ нэрлэж болох уу?
-“Цэнхэрлэн харагдах” хэмээх туульсан роман, “Мөнгө ярьж, харин төр сонсдог”, “Хүннүгийн тухай өгүүлэх нь”, “SOS: CHINAGIS KHAAN”, “Монгол Алтай соёл”, “Хөх Монгол танаа улих нь уу” зэрэг Монголын түүх, эрдэм, соёл, дэлхийн геополитикийн тухай өгүүлэл, асуудал дэвшүүлсэн 10 гаруй ном хэвлүүлж, уншигчдад хүргэсэн. “Будда” дуурийн, “Алунгоо” бүжгэн жүжгийн, “Галайхан” хөөмийн дуурилгын цомнол бичсэн. “Алунгоо” бүжгийн жүжгийг маань ОХУ-д тайзнаа тавьсан. Одоо “Стив Жобс”-той ноцолдож байна.
-Таныг яагаад Чоно багш гэдэг юм бэ. Та жинхэнэ нэрээ бүр мартах нь байна шүү дээ.
-Жинхэнэ нэрээр минь хүмүүс намайг мэдэхгүй ээ. Эцэг эхийн минь хайрласан нэр наддаа л байж байг. Уншигчид өөрсдөө л тийм нэр өгсөн. Би дасчихаж.
-Тантай ярилцах сонирхолтой байлаа. Удахгүй нээлт нь болох шинэ бүтээлд нь амжилт хүсье.
-Гялайлаа. Энэ бүтээлийг Монголын нэрийн өмнөөс хийсэн шиг хийе гэж зориод, өөрөө продюсероор ажиллаж байгаа юм. Ааш авирыг минь тэвчиж, хамтдаа урагшилж, бүтээн босгож байгаа багийнхандаа, зохион байгуулалтад орж жүжгийг аль болох олон хүнд хүргэхийн төлөө сэтгэл, зүтгэлээ нэгтгэн ажиллаж байгаа залуус дүү нартаа баярлаж байна. Эд нар чинь дор бүрнээ ажилтай хүмүүс. Тэгсэн хэрнээ өдөр бүр цуглаж, жүжгээ яаж хүмүүст хүргэх тухай ярилцаж, хуралдаж байна. Стив Жобс гэж агуу хүн аргагүй л хүчтэй, амьд юм аа л гэж бодож байна даа.