Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг өчигдөр Засгийн газраас батлав. Үүнээс харвал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь хөгжлийн бодлого болон хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байх нь. Мөн хот байгуулалт, инновац, технологи, агаар, орчны бохирдол болон зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагч нарыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм байна. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай болгов. Тодруулбал, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулах гэнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 129, Захирагчийн ажлын албыг 55, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүрт 68, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэйд тус бүр 59, Багануур, Налайхад тус бүр 39 (Захирагчийн ажлын албатай), Багахангайд 25 (нормативаар ажиллах орон тоо орохгүй) хүртэл байхаар тогтоожээ.