АНУ-ын Небраска муж улсад үер буусны улмаас учирсан хохирлын хэмжээ 1.4 тэрбум доллар давж, байгалийн гамшиг зам, гүүр эвдэж, хөдөө аж ахуйд ихээхэн уршиг тарьжээ. CBS телевизийн мэдээлснээр тус муж улсын иргэдийн дөрөвний гурав орчим хувь нь гамшигт нэрвэгдсэн байна.
Урьдчилсан тооцоогоор үерийн улмаас тус муж улсын дэд бүтцэд 450, хөдөө аж ахуйд 800 сая долларын хохирол учирсан гэнэ. Мөн 2000 гаруй айлын сууц, хэдэн зуун үйлдвэр сүйдэж, 1000 орчим малаа алдаж, усан хангамжийн систем доголдон, зам, гүүр эвдэрсэн байна. Цаг уурчдын мэдээлснээр ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох тул байдал улам дордож, хохирол үлэмж хэмжээнд хүрэхээр буй гэнэ.
Үерийн уршгийг арилгахаар Үндэсний гвардын 200 гаруй гишүүнийг илгээжээ. Усархаг бороо үргэлжлэн орж, гол, мөрөн эргээсээ халсны улмаас бууж буй үерт АНУ-ын дундад баруун бүс нутгийн муж улсууд ч нэрвэгдэж, Айова, Өмнөд Дакота, Висконсин, Небраска муж улсад онц байдал зарласан байна. Сүүлийн мэдээгээр байгалийн гамшигт гурван хүн амиа алджээ.