МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа, хууль, эрх зүй эрхэлсэн дэд захирлаар 2016 оны арванхоёрдугаар сард томилогдон ажиллаж буй Нямаагийн Энхбаатарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргээд нэлээд хугацаа өнгөрөв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Шадар сайд байхад туслах нь асан Н.Энхбаатарыг АТГ-ынхан 2018 оны долдугаар сарын 23-нд саатуулан шалгаж эхэлсэн нь тухайн үед олны анхаарал татаж байв. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорих захирамж шүүх гарган хорьсон. Тэр үед зарим хэвлэлд Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэмээн мэдээлж байсан ч АТГ-ынхны шалгалтаар өөр нөхцөл байдал тогтоогдсон юм.
Философич, нийгэм судлалын багш мэргэжилтэй, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд хууль тогтоох засаглалын үйл ажиллагааны чиглэлээр 2014-2016 онд магистрын зэрэг хамгаалсан тэрбээр МИАТ компанийн дэд захирлаар томилогдоод удалгүй “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоолын хамт бэлэн мөнгөөр авсан. Мөн “Таван богд”-оос 2018 онд үйлдвэрлэсэн “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд эдгээр хөрөнгийг авсан мөнгөний эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шалгуулахад хүрсэн юм. Тэрбээр дээрх өндөр үнэтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан эх үүсвэрээ найз нараасаа авсан гэж тайлбарлаж буй бөгөөд үүнтэй нь холбогдуулан гадаад, дотоодод байгаа зарим хүнийг АТГ-ынхан дуудаж шалгасан сурагтай. Тэдний дунд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын төрсөн дүү, МИАТ компанийн Японд суух төлөөлөгчөөр томилогдон явсан Ж.Бат-Эрдэнэ гэх хүн ч байгаа аж. Харин Н.Энхбаатарт мөнгө зээлсэн гэх найзууд нь хэрхэн тайлбар, мэдүүлэг өгсөн нь одоогоор тодорхойгүй. Яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн дээрх хэргийг тус газрын хяналтын прокурорууд хэрхэн шийдэх гэж буй нь тодорхойгүй байна. Хуульд заасан хянах хугацаа нь өнгөрсөн гэх мэдээлэл ч буй юм. Прокурорууд ямар зорилгоор энэ хэргийг шийдэхгүй байгаа нь олны хардлага дагуулах болов.