Янзаган зоотой шарга морио
Янцгаахын чимээнээр таньсан юм аа хө...
хэмээн хүнгэнүүлсээр, холбоочин Номинг царайчлах Арслангийн дүрээрээ монголчуудын сэтгэлд илүүтэй мөнхрөн үлдсэн театр, киноны нэрт зүтгэлтэн Гүрсэдийн Доржсамбуугийн 70 насны ойг төрөлх театрынхан нь, гэр бүл, шавь нар, үнэнч үзэгчид нь энэ сарын 22-нд тэмдэглэх юм.
Энэ эрхэм хүний Монголын урлагт бойжуулж өгсөн шавь нарынх нь төлөөлөл болгож Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуутай ярилцлаа. Тэрбээр Г.Доржсамбуугийн анхны шавь нарын нэг, театрын урлагт багшаараа “чирүүлж” ирсэн боловсон хүчин. Тиймээс бидний яриа Г.Доржсамбуу найруулагчтай багш шавийн барилдлагатай болсон 30 гаруй жилийн өмнөх дурсамжаас эхэлсэн юм.
-Г.Доржсамбуу найруулагчийн гарын шавь нарын анхдагчид нь танай ангийнхан. Ямар хувь ерөөлөөр багш, шавь бололцсон юм бэ?
-Доржоо багш 1980 онд Украины Киев хотын Театр урлагийн дээд сургууль төгсөж ирээд, УБДС-ийн Кино драмын нэгдүгээр дамжааны оюутнуудад жүжигчний уран чадварын хичээл зааж, багшилж эхэлсэн байдаг. Тухайн үед Кино драмын ангид дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг байсан.
Тэр жил багш сургуулийн ректор Д.Отгонсүрэнд “Би ирэх хавар жүжигчний ангид дахин элсэлт авч, гарын шавь нараа бэлтгэмээр байна” гэсэн санал тавьсан гэдэг. Ректорын зөвшөөрөлтэйгөөр багш өөрөө явж биднийг цуглуулснаар манай ангийн 25 хүүхэд насан туршдаа хайрлаж хүндлэх, үлгэр дуурайлал болгох эрхэм хүнтэй хувь тавилангаа холбосон нь 1981 он юм.
-Сайн уран бүтээлч бүр сайн багш болж чаддаггүй. Танай багшийн хувьд юугаараа онцлог байв?
-Багш мэргэжлийн хичээлээс гадна хүн шиг хүн байхын утга учрыг зааж сургасан. Жишээ нь, сар болгон ангийн хурал хийж ажлаа дүгнэнэ. Хурлын дараа чин сэтгэлийн ярилцлага хийдэг байлаа. Бид өөрсдийн тухай, баяр жаргал, гуниг зовлонгоо хэнээс ч нуулгүй бүгдийг нь уудлан ярьдаг байв.
Энэ нь бие биедээ итгэх, хайрлах, хүндлэх, нөхөрсөг халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэг үгээр хэлэхэд, уран бүтээлч хүнд зайлшгүй байх ёстой хамтач бүтээлч сэтгэлгээг суулгахад том сургууль болсон. Мөн урлаг соёлын томчууд, алдартнуудтай уулзалт зохион байгуулна.
“Театр, урлаг бол нийгмийн амьдралын толь, та нар амьдралыг ажигла, хар, судал, мэдэр” гээд “Дэнжийн 1000”-ын зах, хүүхдийн цэцэрлэг, Шар хадны эмнэлэг рүү хүртэл явуулдаг сан. Багш ингэж л бидэнд хүн байх, уран бүтээлч болохын учир утгыг давхар ойлгуулж, нүд чих, зүрх сэтгэлийг нээх хүмүүжил, төлөвшил олгож байжээ.
-Танайхнаас дандаа жүжигчид биш, найруулагч, дарга, судлаач гээд хэд хэдэн чиглэлийн мэргэжилтэн төрсөн гэдэг. Энэ нь ч бас Г.Доржсамбуу багшийн онцлог байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Багш “Та нар бүгдээрээ жүжигчин болохгүй шүү. Нэг ангиас хоёр, гурван жүжигчин л гардаг юм” гэхэд нь бүгд л мундаг жүжигчин болох дэврүүн хүсэл мөрөөдөлтэй ирсэн бидэнд их л сонин санагддаг байж билээ. Жүжигчний ангийн багш хэрнээ ийм үг хэлж байдаг гээд л. Гэхдээ багш биднийг жүжигчнээр, найруулагчаар, удирдах ажилтнаар гээд хүн бүрийн онцлогт тааруулж чиглүүлж хөгжүүлэхээр зорьж ажиллаж байсныг хожим нь ойлгож байгаа юм.
Манай ангиас жүжигчнээс гадна хэд хэдэн найруулагч, багш, театрын зүтгэлтэн төрсөн. Бүгд л мэргэжлээрээ амжилттай ажиллаж явна. Ангиас маань Урлагийн гавьяат зүтгэлтэн гурав, Гавьяат жүжигчин хоёр төрсөн нь өнгөцхөн харахад гавьяа шагнал, цол хэргэмийн тухай мэт боловч яг үнэндээ эзэмшсэн мэргэжилдээ чин үнэнчээр хандаж, түүндээ дурлаж, хийж бүтээж чаддаг шавь төрүүлсэн багшийн гавьяа л даа.
-Доржсамбуу найруулагч таныг “Би энэ хүүхдийг жүжигчнээр биш, театрын удирдлагад ажиллуулахаар бэлтгэж байгаа юм. Дүнг нь тавьчих” гэж нэг багшид “мундагдсан” сураг байдаг. Дарга болох шинжээ их л эрт илрүүлсэн гэсэн үг үү?
-Би ч бас хожим л энэ тухай дуулсан. Н.Сувд багш надад хэлсэн юм. Тэр үед Н.Сувд багш манай ангид тайзны хөдөлгөөний хичээл заадаг байлаа л даа. Тэгсэн миний дүнтэй холбоотойгоор хоёр багшийн хооронд яриа хөөрөө болсон гэдэг. Доржоо багш “Наад хүүхэд чинь жүжигчин гэхээсээ илүү театрын дарга болох хүн. Чи битгий хатуурхаад бай” гэсэн гэдэг. Багш минь намайг л дэмжиж байсан хэрэг.
1985 онд биднийг төгсөхөд Соёлын яамны сайдын тушаалаар төв, орон нутгийн театруудад хуваарилсан. Намайг Баянхонгор аймгийн театрын даргаар томилсон юм. “Би яаж театрын дарга хийх юм бэ” гэж бодоод айх, гайхах зэрэгцсэн амьтан аврал эрж багштайгаа уулзахад “Сайдын тушаалд багшийнх нь оролцоо байхгүй шүү дээ” гэдэг байгаа. Үнэн хэрэгтээ хамгийн их оролцсон хүн нь багш болж таарсан шүү.
Сургуулиас яаманд явуулсан тодорхойлолтод “Энэ хүн бараг эхээс төрөхдөө л удирдан зохион байгуулах авьяастай” гэх мэтээр баахан магтаад явуулчихсаныг хожим олж уншаад тэр томилгооны цаад учрыг ойлгож билээ. Манай багш ер нь хэнд, хэзээ, юу хэлэхээ маш сайн мэднэ л дээ.
-Танай ангийнхнаас гадна багшийнхаа шавь олны танил уран бүтээлчдээс та нэрлээч.
-Багш 1980 оноос хойш тасралтгүй 10 жил багшилсан. Энэ хугацаанд Монголын тайз, дэлгэцийн урлагт нэр төртэй яваа олон сайхан уран бүтээлчийг бэлтгэж уран бүтээл төдийгүй амьдралынх нь зам мөрийг зааж, чиглүүлж өгсөн хүн.
Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Пүрэвдорж, Ч.Ганхуяг, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, С.Лхагвасүрэн, Ш.Алтанцэцэг, Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, И.Одончимэг, У.Батбаатар, Г.Золбоот, С.Өлзийхүү, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Нармандах, Н.Онон, О.Энхтуул, Д.Бямбацогт гээд маш олон уран бүтээлч бий.
-Г.Доржсамбуу гэж хувь талаасаа ямар хүн байсан бол гэж бодохоор “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүр л санаанд буугаад байдаг юм. Тэр хоёр адилхан уу?
-Багш минь тэр чигээрээ Арслан шүү дээ. Гаднаас нь харахад том биетэй, сахал үс болсон сүрдмээр ч гэлээ зүрх сэтгэл нь их зөөлөн хүн байсан юм. Хүнийг том, жижиг, дарга, цэрэг гэдэггүй хүндэлж харилцдаг байлаа. Торгон, нарийн мэдрэмжтэй, ухаантай, аливаа зүйлийг томоор, бүтнээр нь холыг харж чаддаг байсан нь багшийн уран бүтээл, бүтээсэн дүрүүд, найруулсан жүжгүүдээс нь анзаарагддаг.
Сая би “Арслан” гэдэг үгийг зөвхөн тэр дүртэй нь холбож хэлээгүй юм шүү. Багш минь Монголын театрын урлагт хэн нэгэн даргын тушаалаар томилогдсон найруулагч биш, харин ажил мэргэжил, авьяас чадвар, уран бүтээлээрээ өөрийгөө дархалж, мэргэжил нэгт нөхдөдөө хүлээн зөвшөөрөгдсөн “Арслан” найруулагч байсан юм шүү.
Үүнийг би “Найруулагч өөрөө засаглал юм. Уран бүтээл тайзнаа тавина гэдэг өдөр бүхэн 600 хүнд лекц уншиж, сэнхрүүлж байгаатай адил. Тэгэхээр найруулагч хүн соён гэгээрүүлэгч, философич байдаг. Найруулагчийн ажил хүний тухай хүнээр дамжуулж хэлдэг учир дүр сонголт тухайн бүтээлийн амин судас юм шүү” гэж хэлдэг байснаар нь тодорхойлж чадна.
Багш уран бүтээл хийхдээ жүжигчид, уран бүтээлчидтэй их нягт, нямбай ажилладаг. Нэг үгээр жүжигчин төрүүлдэг найруулагч байсан. Тодорхой жишээ олон бий л дээ. Тухайлбал, “Найрын ширээний ууц” жүжгийн Самдангийн дүрээр Г.Мягмарнаран ахыг, “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгээс Ж.Сүххуягийг, “Халуун газар” жүжгээс С.Жаргалсайханыг, “Буцах хаяг”-аас Ц.Төмөрхуягийг гэх мэт нэрлэж болно. 1980-1990-ээд онд тайзнаа Г.Доржсамбуу багшийн найруулсан олон сайхан жүжиг үзэгчдийг байлдан дагуулж олны талархал хүлээж байсан.
-Та багштайгаа хамт Драмын театрыг удирдаж байсан азтай хүн.
-Бас л нэг дурсамж дүүрэн он цагууд даа. Би Баянхонгорын театрын даргаар гурван жил ажиллаад, Соёлын яамны сайдын тушаалаар 1988 онд Драмын театрын орлогч даргаар томилогдсон. Багш 1990 онд театрын даргаар ирээд бид хамтдаа дөрвөн жил дарга, орлогч байлаа. Тэгэхэд би багшаас их зүйл сурсан.
-Багш тань хэр сайн дарга байв. Ажлаас болж сайдах муудах үе гарч байв уу?
-Заримдаа ажлаас болоод санал бодол зөрөлдөх юм гарна л даа. 1991 онд театрын 60 жилийн ой болох гээд цаг наргүй ажиллаж байсан үед нэг өглөө ажилдаа иртэл намайг халсан тушаал гаргачихаж. Би ч юм хумаа янзлаад явах тухай бодож байтал төд удалгүй дуудаад “Муусайн ховч юмнуудаас болж шавиа гомдоочихлоо, би тушаалаа хүчингүй болгосон, ажлаа сайн хийгээрэй” гээд үнсэж билээ.
Үүнээс болж бидний бие биедээ итгэх итгэл өөрчлөгдөөгүй л дээ. Үнэндээ ч багшийг театрын даргаар ажиллаж байхад улс орны эдийн засгийн байдал хэцүү, бас л савалгаатай цаг үе таарсан. Янз бүрээр хэлүүлж, өөрийгөө, амьдралаа гаргуунд нь хаян байж театрыг авч үлдэхийн төлөө чадах бүхнээ хийсэн хүн. Тэр хэцүү цагт дарга болоогүй бол гэж харуусах сэтгэл заримдаа бодогддог л юм.
Гэхдээ улс орон бүхэлдээ хөдөлж, олон ч албан байгууллага хаалгаа барьж, зогсонги байдалд орж байсан тэр үед Доржоо багш театрын урлагийн галыг таслахгүйгээр авч явсаар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн юм шүү. Өнөөдөр би ингээд багшийнхаа сууж байсан өрөөнд ажил үйлсийг нь үргэлжлүүлж байгаадаа омогшил, бахархал төрөхийн сацуу өндөр үүрэг хариуцлага үүрч явах ёстойгоо цаг үргэлж ухаардаг даа. Театр бол нийгмийн өмнө соён гэгээрүүлэх чухал үүрэг хүлээсэн хариуцлагатай байгууллага.
-Багшийнхаа үргэлжлэл болсон театрын удирдлагын хувьд түүний эхлүүлсэн, гүйцээж амжаагүй ажлуудаас нь өвлүүлэн хийж буй зүйл хэр олон бол?
-Багш театрын 14 дэх дарга байсан юм. Миний хувьд багшийнхаа хийж чадаагүй, амжаагүйг нь гүйцээхээр зүтгэж л явна. Театр-студи байгуулж, жүжигчин бэлтгэх лаборатори сургалт эхлүүлснийг нь үргэлжлүүлж байна. Багш маань ахмадууддаа буян хийх тухай их ярьдаг байсан.
Монголын шинэ цагийн театрын урлагийг үүсгэн байгуулж залуу нас, авьяас чадвар, хөдөлмөр бүтээл, зүрх сэтгэлээ зориулсан ахмад үеэ алдаршуулах зорилгоор мэндэлснийх нь тэгш ойг тохиолдуулан 2005 оноос хойш “Алтан үеийнхэн-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирлээ. Өнөөгийн залуу уран бүтээлчдэд өмнөх үеэсээ сурах ёстой баялаг түүх их байна.
-Гарын шавьдаа аминчлан хэлдэг байсан захиас байна биз?
-“Чи намайг үдэж өгөх хүн шүү” гэж багшийг хэлэхэд нь дэмий юм яриад л гэж боддог байж билээ. Зуурдаар явахаа мэдэж ч байсан юм шиг ингэж хэлж байсныг нь захиас гэж ойлгодог. Багшаасаа хойш бид нэг хэсэгтээ л өнчирсөн дөө.
“Урлаг хэн нэгнээр дутдаггүй” гэдэг нэг сүрхий яриа байдаг ч манай багшийн хувьд, Г.Доржсамбуу гэж агуу найруулагчийн хувьд худлаа юм. Багшаар минь хүмүүс, тайз, театр, урлаг, тэр ч бүү хэл Монгол дутаж байгаа санагддаг. Ер нь тэгээд авьяастай хүн гэдэг тухайн үндэстэнд хэзээ ч дахин давтагдашгүй арвин их баялаг юм.
Г.Доржсамбуу найруулагчийн гарын шавь нар 2009 онд “Тэнгэр мэднэ” нэртэй дурсамжийн ном бүтээж байсан бөгөөд жил бүр төрсөн өдрөөр нь “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ үеэр Г.Доржсамбуу найруулагчийн амьдрал, уран бүтээлийн талаарх үзэсгэлэнг дэлгэнэ.
Мөн ар гэрийнхэн нь шилдэг найруулагч, жүжигчинд “Арслан” цом гардуулах юм. Энэ жил мэндэлснийнх нь 70 насны ой тохиож буй тул хүндэтгэлийн ёслолыг илүү өргөн хүрээнд хийхээр үзэгч түмнээ урин залж байна. Морилон саатна уу.