Бөхийн төрлүүд (чөлөөт бөх, сонгомол)-ийн 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр эхэлнэ. Анх удаагийн тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Энэтхэг зэрэг 12 орны 200 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Япон бөхчүүд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны бүртгэлээс хоцорсны улмаас зодоглож чадаагүй. Азийн дэвжээнд Монголоос 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, дэлхийн залуучуудын дэд аварга Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга, Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй 30 бөх барилдана.
Бусад орноос насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Улукбек Жолдошбеков тэргүүтэй олон шилдэг Монголын дэвжээнд хүч сорих юм. Үүний сацуу “Бээжин-2008” олимп, “Баку-2007” ДАШТ-ий аварга Рамазан Шахин, “Афин-2004” олимпын мөнгө, “Нью-Йорк-2003” ДАШТ-ий хүрэл медальт, 1996, 1998 оны Дэлхийн цомын аварга, “Бангкок-1998” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий таван медальтай Алиреза Резаи нар улсынхаа бөхчүүдийг дасгалжуулахаар ирлээ. Азийн АШТ энэ сарын 24-нд дуусаж, жин тус бүрийн аваргаа тодруулна.