-Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэрэгт Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналыг
прокурор шийдээгүй байна-
Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төрийн өмчит хэд хэдэн компанийг өөрийн болгосон “Сахал” хэмээх Должингийн Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг энэ сарын 5-нд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид хамтран албадан саатуулж, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулсан билээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн прокурорын зөвшөөрлийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хувьтөгөлдөрийн Идэрийн захирамжаар сулласан.
Д.Эрдэнэбилэгээс гадна Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар гээд хэд хэдэн хүнийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа билээ. ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг тэдэнд холбогдох хэд хэдэн хэргийг шалгаж буй. Хэвлэлээр ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдаж авсантай холбоотой үйлдэлд нь саатуулсан хэмээн мэдээлж байна. Тэгвэл Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг нарт холбогдох нэг бус цөөнгүй үйлдлийг хамтарсан ажлын хэсгийн шалгаж байгааг баттай эх сурвалжууд мэдээлэв. Түүнд нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-ын ажлын хэсгийнхэн яллагдагчаар татах саналаа НПГ-т хүргүүлсэн байна. Прокурорууд хараахан шийдвэр гаргаагүй аж. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан зарим хүнийг ч Д.Эрдэнэбилэг нарт холбогдох үйлдэлд хамаатуулан шалгаж яллагдагчаар татаад байгаа юм билээ.
Хардлага дагуулсан хувьчлалууд ба Дээд шүүхийн танхимын тэргүүний аавын эзэмшил хөрөнгийн учир
“Хөтөлийн цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” гээд хойд хөршийн зураг төсөл, хөрөнгийн дэмжлэгээр боссон хэд хэдэн үйлдвэрийг Д.Эрдэнэбилэг тэргүүтэй “Худалдаа хөгжлийн банк”-ны удирдлага хувьчилж авсан нь луйвардаж авсан гэх хардлага дагуулж буй гэнэ.
Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолд Төрийн өмчийг өөрчлөн байгуулах (хувьчлахгүйгээр) хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасан. Уг тогтоолын хавсралтад “Хөтөлийн цемент шохой” компанийн цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэх нөхцөлтэйгөөр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах заалт оруулсан байдаг юм. Ийм заалт оруулах замаар менежментийн хувьчлал явуулах үйл ажиллагааг Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүс зохион байгуулсан гэх хардлага байдаг аж. Ингээд 2011 оны нэгдүгээр сарын 17-нд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК болон “Бэйзмент” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тухайн үеийн ТӨХ-гоор батлуулсан байна. Улмаар “Бэйзмент” ХХК нь 2016 онд нэрээ “Хөтөл” ХХК болгон өөрчилж, түүгээрээ “Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн II шугамыг хуурай аргад шилжүүлэн цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тн хүргэж өргөтгөх, ил уурхай, автотээврийн цогцолбор байгуулах” менежментийн хувьчлал хийх нэрээр “Хөгжлийн банк”-наас таван жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй, 61 265 000 ам.долларын зээл 2012 оны аравдугаар сарын 19-нд авчээ. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг төрийн мөнгөөр худалдаж авах аргаа хэрэгжүүлсэн гэж хардах үндэслэл байгаа гэсэн үг. Ингээд Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор мөн оны дөрөвдүгээр улиралд 100 хувь хувьчлах ажлыг хэрэгжүүлэхээр болов. Ингээд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах доод үнийг нэг тэрбум 386 сая 106 мянга 400 төгрөгөөр тогтоож “Бэйзмент” буюу “Хөтөл” ХХК-д санал болгон худалдахаар болсон байдаг. “Бэйзмент” буюу “Хөтөл” ХХК-ийн хөрөнгийн 20 хувийг Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийн аав Д.Мишиг эзэмшиж байсан гэх ноцтой баримт ч байдаг юм билээ. Шүүгч М.Батсуурийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан маргааныг “Худалдаа хөгжлийн банк”-ныхны талд шийдвэрлэсэн гэх хардлага байдаг нь өөрөө тус банкны Хуулийн хэлтэст ажиллаж байснаас гадна аав нь эл банкныхны байгуулсан дээрх компанийн 20 хувийг эзэмшдэгбайсантай холбоотой гэж үзэх шалтгаан болж байгаа гэнэ. Шүүгч М.Батсуурь өөрийгөө энэ асуудалд хамаагүй гэдгээ сонинд ярилцлага өгч илэрхийлж байснаас гадна АТГ-т шалгуулахаар хандаад байгаа билээ.
“Бэйзмент” буюу “Хөтөл” ХХК 2012 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын бондоос “Хөгжлийн банк”-аар дамжуулан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд 2020 он хүртэл 61.3 сая ам.доллар авсан нь тус банкны тайланд бий. “Хөгжлийн банк”-наас ийм их хэмжээний зээл авах чадалтай үйлдвэр нээлт хийснээсээ хойш ердөө жил гаруйн дараа дампуурахад ойрхон хэмээн тэрбум гаруй төгрөгийн үнээр “Бэйзмент” буюу “Хөтөл” ХХК-д хувьчилсан нь мөн ахнаарал татна.Ингэж “Худалдаа хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга П.Эрдэнэбилэг өөрийн эзэмшилд авсныхаа дараа тус банканд ажиллаж байсан М.Бөх-Очирыг гүйцэтгэх захирлаар, санхүү эрхэлсэн захирлаар Ц.Уранчимэг нарыг, Маркетингийн захирлаар нь үеэл дүү Т.Болдбаатарыг томилсон байдаг юм билээ.
Төмөрлөгийн орд газарт тавьсан төмөр замын луйварт яллагдагчаар татсан уу?
Должингийн Эрдэнэбилэг тэргүүтэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг 230 сая тоннын нөөцтэй орд газартай нь эзэмшилдээ оруулаад буй гэж үзэж байна. Эх сурвалжууд түүх ийн өгүүлж байна.
“2010 онд тус үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх гэрээг “Кью Эс Си” ХХК-тай байгуулахдаа мөн оны хоёрдугаар сарын 4-нд УИХ-аар баталсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл”-д үндэслэсэн байдаг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, 2012 онд концессийн жагсаалт шинэчлэхдээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг багтааж, улмаар “Кью Эс Си” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж.Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий уг компанитай шууд гэрээ байгуулах болсон шалтгаан нь “Кью Эс Си” ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т 81.3тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх үндэслэлтэй нь холбоотой. Уг концессийн гэрээнд шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр гэрээгээ байгуулж, “Кью Эс Си” ХХК 30 жил төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшээд ямар нэг хохирол, төлбөргүйгээр улсад буцаан өгөхөөр гэрээ байгуулсан юм. Мөн тус үйлдвэрийн өрийг ч төлөхөөр болсон байна. Төмөрлөгийн үйлдвэрт 700 сая ам.долларын хөрөнгө оруулж, төмрийн хүдэр баяжуулах болон ангижруулсан төмрийн үйлдвэр барих, төмөр зам тавих, техник технологийг нь шинэчлэхээр гэрээндээ тусгасан байдаг.
Гэтэл 30 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж, ашигтай ажиллуулахаар байсан боловч гэрээгээ зөрчиж буй нь илэрхий байгаа юм. Тиймдээ ч хууль сахиулах байгууллагынхан Должингийн Эрдэнэбилэгийг яллагдагчаар татах болсон өөр нэг шалтгаан нь энэ. Түүний эзэмшлийн “Кью Эс Си” ХХК бүтээн байгуулалтын төсөвт өртгийг их хэмжээгээр нэмж, улсад буцаан өндөр үнээр өгч, зөвхөн төмрийн хүдрийг нь л их хэмжээгээр тээвэрлэж, борлуулах ажил хийж байгаа нь гэрээнд заасан металлургийн цогцолбор байгуулж, боловсруулах үйлдвэр явуулалгүй, Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн ордын төмрийн хүдрийн нөөцийг нь дуусгаж болзошгүй байгаагаас илэрхий болж буй. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Д.Эрдэнэбилэгийг албадан аваачиж, байцаалт авсан нэг үндэслэл нь төмөр замын “Хандгайт” өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажилтай нь холбоотой юм билээ. “Кью Эс Си” ХХК нь өөрийн хамаарал бүхий “Монголиан рейлвэй корпорэйшн” компаниар дээрх чиглэлийн төмөр замыг бариулахаар гэрээ байгуулж, 106 880 000 сая ам.долларын үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг юм билээ. Ингэхдээ мөн л Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар авчээ.”
Ингээд дээрх чиглэлийн замыг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж Засгийн газрын тогтоол 2016 оны хоёрдугаар сарын 1-нд гарсан аж. Гэвч бичиг баримт нь дутуу, “Кью Эс Си” ХХК-ийнхнаас ТӨБЗГ, Монголын төмөр зам, Сангийн болон Зам тээврийн яам зэрэг байгууллагынхан санхүүгийн анхан шатны бичиг баримтыг нь нэхэхэдгаргаж өгдөггүй байж. Харин Концессийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг өгч, Засгийн газрын хуралдаанд тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, өдгөөгийн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулж байж. Ийнхүү байгуулсан гэрээ нь Монгол Улсад огт ашиггүй, “Кью Эс Си” ХХК-д ашигтай байсан гэдэг. Энэ талаар зарим хүн одоо болтол ярьдаг юм билээ. Тэр ч байтугай “Эрдэнэт үйлдвэр”-ийг тодорхой хувийг эзэмшихээр болсон “Монголын зэс”-ийг удирдаж буй (49 хувийн хувьцааг худалдан авсан) Пүрэвтүвшин, Мөнхбаатар болон “Кью Эс Си” ХХК-ийн захирал гэх Энхбаярын Шижир зэрэг хүн Үндэсний хөгжлийн газрын албан тушаалтнуудад “Бид дээгүүр чинь ярьчихсан, хурдан гэрээ хий” гэх мэтээр шахамдуулдаг байсан талаар ч ярьж байсан гэдэг.
Төмөр зам концессийн энэ хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаад мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулахад “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхнээр далангаа тавиулж, Мардайн орчимд байсан төмөр замын зам (рейлс) төмрийг авчирч, Хятадаас бетон дэр оруулж ирэн тавиулсан гэсэн дүгнэлт гаргасан байх юм. Ингэж төрд төмөр зам шахаж, “Кью Эс Си” ХХК-ийнхан охин компани болох “Монголиан рейлвэй корпорэйшн” компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа төсөвлөсөн 106 880 000 ам.доллар дээр Хөгжлийн банкнаас зээлсэн 71.3, хүү нь болох 5.8 сая шахам ам.долларыг нэмж тооцон, Засгийн газарт хүлээлгэн өгөх хүсэлт гаргасны дагуу Сангийн яамнаас 80 хувийнх нь төлбөрийг вексел гарган төлсөн байдаг. Энэ векселийг Сангийн яам 364 хоногийн хугацаатай, 14.941 хувийн хүүтэйгээр 18 ширхгийг гаргасан юм билээ. Вексель гэж юу болохыг уншигчид тэр бүр мэдэхгүй байх. Векселийн тухай хуульд “төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн” гэж заасан байгаа юм.
Энэ хэрэгт Д.Эрдэнэбилэгээс гадна Э.Шижир өөр нэг эрх бүхий албан тушаалтан гэх зэрэг хүмүүсийг яллагдагчаар тооцож буй гэх албан бус мэдээлэл байна.
Энэ мэт үйлдлүүдээс гадна “Багануур” төрийн өмчит хувьцаат компанийг авахаар оролдож байсан билээ. Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин тэргүүтэй хүмүүсийг шалгаж буй ба өөр нэг бус үйлдэл байгаа бөгөөд үүнд нь Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг ч яллагдагчаар тооцох санал гаргаж буй аж. Мөн сайдаар ажиллаж байсан нэг бус хүн ч татагдах нь тодорхой болсон гэх мэдээлэл байна. Бид цаашид үргэлжлүүлэн хүргэх мэдээллэх болно.