АНЭУ-д үргэлжилж буй XV дахь удаагийн тусгай олимпын наадмын эхний хоёр өдөр монгол тамирчид нэг алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль аваад байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд хурд сорьсон Х.Балжинням түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэв. 190 орны 7500 гаруй тамирчин оролцож буй наадмын эхний өдөр бөөрөнцөг шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн тэрбээр ийнхүү дутуугаа гүйцээлээ. 23 настай, Өмнөговь аймгийн харьяат Х.Балжинням олон улсын тэмцээнд анх удаа оролцож байгаа юм. Түүний амжилтыг Э.Энхтуул (бочче), Б.Мягмарнаран (бадминтон) нар үргэлжлүүлж, хүрэл медалиар энгэрээ мялаав. Ховд аймгийн харьяат Э.Энхтуул өнгөрсөн хоёрдугаар сараас боччегоор хичээллэж эхэлжээ. Харин Б.Мягмарнаран Дархан-Уул аймагт амьдардаг. Бадминтоны спортод хөл тавиад чамгүй удсан тэрбээр ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд өрсөлдөж буй юм. Тэгэхээр түүнд олон тоглох хүндхэн ачаа ногдсон төдийгүй тэр хэрээр дутуугаа гүйцээх боломж бий. Сонины дугаар шилжих мөчид Монголын хөлбөмбөгчид аваргын төлөө тоглож байлаа.