Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн өчигдөр тус улсын парламентад үг хэлэхдээ үгээ “Ас-салам алейкум” буюу “амар амагаланг айлтгая” гэсэн утгатай араб мэндчилгээгээр эхэлжээ. Тэрээр цааш нь “Террорист этгээд цуст үйлдлийнхээ цаана олон зорилго агуулж байсан. Тэдгээр зорилгын нэг нь олонд танигдаж, нэрд гарах явдал байсан учраас та нар миний амнаас түүний нэрийг хэзээ ч сонсохгүй” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр парламентын гишүүдэд хандан “Би та бүгдийг манай хүмүүсийн амийг авч одсон гэмт этгээдийн бус харин алдсан хүмүүсийнхээ нэрийг дурсаж байхыг уриалж байна” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Крайстчерч хотын лалын хоёр сүмд хэт барууны үзэлтэй австрали эр гал нээж 50 хүний аминд хүрч хэдэн арван хүнийг шархдуулсан билээ. Өөрийгөө цагаан арьстны давуу эрхийн төлөө тэмцэгч хэмээн үздэг 28 настай австрали эр цуст үйлдлээ “Facebook”-ээр live хийж байршуулсан аж. Энэ тухай Жасинда Ардерн өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Бид нийгмийн сүлжээний ийм том талбарууд нийглэгдсэн болон байршуулсан материалуудныхаа төлөө ямар ч хариуцлага үүрдэггүйг хүлээн зөвшөөрөн дуугүй хараад сууж болохгүй. Тэд чинь хэвлэн нийтлэгч болохоос зүгээр шуудаг зөөгч биш. “Хариуцлагыг үүрэхгүй ашиг олно гэсэн зарчим энд тохирохгүй” гэжээ. Ерөнхий сайдын уг мэдэгдлийн дараа “Facebook” компанийн төлөөлөгч гэмт этгээдийн бичлэгийг устгахаас өмнө 17 минутын live-ийг 200 гаруй , бичглэгийг нь 4,0 мянга үзэж амжсан тухай мэдээлжээ. Мөн үйл явдал болсон эхний өдөр л гэхэд тус компани уг бичлэгийн 1,5 сая хуулбарыг нийтлэгдэхээс нь өмнө устгажээ.
Ерөнхий сайд гэмт этгээдэд хуулийн хамгийн хатуу арга хэмжээ авахаа парламентын гишүүдийн өмнө амлажээ.