Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэс Тавантолгой”-г хаалттай хувьцаат компаниар бүртгэхийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд өчигдөр зөвшөөрлөө. Компанийн тухай хуульд “Хаалттай хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Хувьцааны арилжаа нь хөрөнгийн биржээр дамждаггүйгээрээ хаалттай нь нээлттэй хувьцаат компаниас ялгаатай. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлсний дараа хаалттай хүрээнд арилжиж болно гэж ойлгож болохгүй. УИХ-аас 2010 онд уг хувьцааг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү 1072 ширхэгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан.
Мөн Засгийн газар 2012 онд уг хувьцааны хоёр дахь зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлийг тогтоож өгсөн билээ. Товчхондоо, нээлттэй компани болсных нь дараа хувьцаагаа захиран зарцуулах иргэдийн эрх үүснэ гэсэн үг. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоож, иргэд болон аж ахуйн нэгжүүдээс худалдаж авсан юм.
Тус компанийг 15 тэрбум ширхэг хувьцаатай байхаар байгуулсан. Засгийн газар нийт хувьцааны 20 хувь буюу гурван тэрбум ширхгийг нь халаасалж үлдээд, 12 тэрбумыг зах зээлд гаргахаар төлөвлөөд буй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 14.4 хувийг иргэд, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд, үлдсэнийг Засгийн газрыг төлөөлж, “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг.
Одоогоор Монгол Улсын 2.5 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч гэсэн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн гаргаад байгаа. Компани болон үнэт цаасыг бүртгэж буйтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ээлжит бус хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгосон шийдвэртэй холбоотой маргаантай асуудлууд, иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан гомдлыг нэн даруй шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-д үүрэг болгожээ.