Норсултан Назарбаев Казахстан улсыг 30 жил удирдсаныхаа эцэст тус улсын төрийн тэргүүний албан тушаалаа өгч буйгаа өчигдөр буюу мягмар гаригт ард түмэндээ телевизээр хандан мэдэгжээ. Өдгөө 78 настай Назарбаев Казахстаны Аюулгүйн зөвлөлийн дарга болон эрх баригч “Нур Отан” намын даргын суудлаа авч үлдэж байгаа аж. Казахстан улсын аюулгүйн зөвлөлийн хууль Назарбаевт анхны ерөнхийлөгч гэдэг утгаар нь тус зөвлөлийг насаараа удирдах боломж олгосон байна. Ерөнхийлөгчийн үүргийг Казахстаны сенатын тэргүүлэгч Касым-Жомат Токаев гүйцэтгэх боллоо. “Токаев нь Казахстан улсын удирдах найдвартай хүн мөн гэдэгт би итгэж байна” хэмээн Назарбаев мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна. Казахстаны Ерөнхийлөгчийн ирэх сонгууль 2020 онд болох бөгөөд судлаачдын үзэж буйгаар хугацаанаасаа өмнө болж магадгүй ажээ.