“Wyoming seminary” клубийн нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээн АНУ-д болж, 11 орны 450 гаруй тамирчин оролцов. Тэмцээнд Монголоос дасгалжуулагч П.Чулуунбаатар, Д.Энхбат нарын удирдлагад долоон тамирчин зодоглосноос охидын 50 кг-д Б.Энхзул, 55 кг-д Б.Энхцэцэг нар түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэд төрсөн эгч, дүү юм. Мөн 53 кг-д М.Пүрэвтунгалаг мөнгө, Н.Анударь, 62 кг-д Б.Нямсүрэн, 72 кг-д Ц.Хулан нар хүрэл медаль хүртэв. Манай тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлжээ.
Чөлөөт бөхтэй холбоотой бас нэг мэдээ дуулгахад, ОХУ-д өчигдөр дууссан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жил ДАШТ-д багийн дүнгээр эхний найман байрт шалгарсан орны бөхчүүд барилдав. 46 дахь удаагийн тэмцээнд 11 дэхээ өрсөлдсөн монгол тамирчид В хэсэгт Гүржийг 5:5 (сүүлийн оноогоор)-аар ялж, Иранд 9:1, АНУ-д 8:2-оор дийлдсэн. Улмаар V байрын төлөө Кубын шигшээ багийнхантай өрсөлдөн, 6:4-өөр өвдөг шороодов. Тэднээс 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга 23 хүртэлх насны ангиллын дэлхийн аварга Р.Ортегаг 2:1, 65 кг-д улсын хошой аварга Б.Батмагнай А.Вальдесыг 10:0, 86 кг-д Азийн АШТ-ий таван медальтай О.Үйтүмэн Пан Америкийн хошой аварга Юриески Торребланкаг 4:4-өөр, 74 кг-д спортын мастер Б.Бат-Эрдэнэ Коломбат Ривераг цэвэр ялав. Гэсэн ч 61 кг-д залуу бөх Г.Отгонбаатар Йовлис Ортерад 2:1, 70 кг-д өнгөрсөн жил ДАШТ-д V байрт шалгарсан Э.Бямбадорж Ф.Кастилод 4:0, 79 кг-д Б.Бямбадорж Перес Абреуд 10:0, 92 кг-д Б.Өлзийсайхан Д.Эрнандест 11:0, 97 кг-д Ө.Батзул Ю.Торребланкад 4:4, 125 кг-д Д.Хүдэрбулга Оскар Индэст 11:0-ээр дийлдэв. Ингэснээр тэд VI байрт шалгарлаа.