Монголын хөрөнгийн биржээс бүртгэлтэй компаниудынхаа 2018 оны жилийн эцсийн санхүүгийн хураангуй тайланг танилцууллаа. Нийт 177 компанийн санхүүгийн тайланг танилцуулснаас 83 нь ашигтай ажиллажээ. “МИК холдинг” компани 58.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, бусдыгаа тэргүүлэв.
Мөн АПУ, “Тавантолгой”, “Говь” компани бусдаасаа өндөр ашигтай ажилласан байв. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 11 компани хоёр, найм нь нэг тэрбум төгрөгөөс дээш ашигтай ажиллажээ. Харин 71 компани алдагдал хүлээсэн байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 23, “Монголын төмөр зам” долоо, “Бэрх уул” 4.5, “Улаанбаатар дулааны сүлжээ” 4.3, “Дархан гурил тэжээл” 2.7, “Шивээ-Овоо” 2.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан нь бусдаасаа их байгаа юм.