УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийгээд буй. Тус айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Швейцарын “Credit Suisse AG” банкан дахь С.Баярцогт (Сангийн сайд асан)-ын ам.долларын гурав, еврогийн хоёр буюу нийт таван дансны 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ. Гадаад харилцааны яамаар дамжуулан АТГ-т хүргүүлж байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой нь тогтоогдвол тус гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой. Өмнө нь нэг дансны зөвхөн үлдэгдэл мөнгө мэдэгдсэн бол одоо орсон, гарсан бүхий л мөнгөн гүйлгээ эзэн, холбогдогчидтойгоо ирлээ. Зөвхөн “Оюутолгой”-нх биш, өөр олон луйврын харилцааг эзэдтэй нь эдгээр дансны гүйлгээ агуулж байж болзошгүй учраас нарийвчлан шалгуулах болно” хэмээн “мэдэгдэв”.
Мөн тэрбээр “С.Баярцогтын данснуудын хуулгыг Монголын талд авах ажил амар байгаагүй. Энэ ажилд ТББ, иргэдийн хүчин зүтгэл байгааг зохих ёсоор дурдсан. Үр дүнд хүргэхэд УИХ-ын зүгээс анхаарах нь чухал гэж итгэж, хоёр жилийн өмнөөс тууштай хөөцөлдсөн. Саад тотгор учирч, үр дүнд нөлөөлж болзошгүй байсан тул зарим ажлаа олон нийтэд мэдээлж байгаагүй. 2017 оны дөрөвдүгээр сард Швейцарын прокурорын байгууллага “Credit Suisse AG” банк, өмгөөллийн товчоонд илгээсэн миний албан тоотуудыг Ц.Мөнх-Оргил сайдын үед Гадаад харилцааны яамны төрийн дипломат шуудангаас дугтуйг задалж, албан тоотыг замаас нь үзэж, гацааж ч байсан. Тийм учраас арилжааны буухиа шуудангаар илгээсэн. 2018 оны дөрөвдүгээр сард Швейцарын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Монголд айлчлахдаа УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч надтай уулзах хүсэлт тавьсан. Үүний дагуу Монгол, Швейцарын парламентын бүлгийн гишүүн биш ч гэсэн тус бүлгийн гишүүдтэй хийсэн уулзалтад нь миний бие оролцож, С.Баярцогтын дансны талаар маш тодорхой асуудлууд дэвшүүлж, хөөцөлдөж ирсэн. АТГ-аас ч нөгөө талд албан хүсэлт илгээсэн. Хоёрхон хоногт дансны хуулгуудыг аваад ирээгүй юм. Мэдээлэл хийсэн миний зорилго бол дансны хуулгуудыг хуулийн байгууллагууд дарагдуулахаас сэргийлж, олон нийтийн сонорт хүргэх явдал байсан” хэмээн тайлбарласан байна.