“Оюутолгой” компанийн энэтхэг инженер өнгөрсөн сард Монголд ирэхдээ улаан бурхнаар өвчилсөн нь батлагдсан. Манай улсад 2016 оноос хойш уг өвчин илрээгүй байсан юм. Тэгвэл Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 13 настай сурагч улаан бурхны халдвар авсныг холбогдох албаныхан мэдээллээ.
Дэлхийн олон оронд дахин дэгдсэн эл өвчний вакциныг хийлгээгүй иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдахыг ХӨСҮТ-ийнхөн анхааруулав. Мөн үндэсний хэмжээнд улаан бурхны дархлаа сул тогтсон, 7-18 насны, эрсдэлтэй бүлгийнхнийг вакцинжуулах ажлыг холбогдох албаныхан яаравчлан зохион байгуулж байна.
Улаан бурхан халдварлах явц хурдан, хоруу чанар өндөр тул тархи үрэвсүүлж, уушгины хатгалгаа, шингэн алдах, чихний халдвар, нүдний хараа муутгах зэргээр өвчин амархан хүндэрдэг аж. Халуурах, биеэр гүвдрүү туурах, нүд улайж, нуухтах шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100, 454921 дугаарын утсанд яаралтай хандахыг албаныхан зөвлөлөө.