АН-ыг 2012-2016 онд засгийн эрх барьж байхад БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид өчигдөр хянан хэлэлцлээ. Түүнийг 2016 оны дөрөвдүгээр сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн юм.
Улмаар нийслэлийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.10-т заасан “Нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм билээ. Тэрбээр “Номин констракшн” компаниас 380 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан бөгөөд үүнийхээ хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж прокурор, мөрдөн байцаах байгууллагынхан үзсэн юм.
Эхнэр нь “Үнэт эдлэл борлуулсан, дүүгийнхээ орон сууцыг худалдсан, хувиараа бусдад мөнгө зээлсний төлбөр, найз Ж.Гантөгсөөс зээлсэн мөнгө” гэх мэтээр тайлбарласан байдаг. Харин Р.Эрдэнэбүрэнтэй хамт шүүгдэгчийн ширээнд суусан Ж.Гантөгс мөрдөн байцаалтын явцад “Энэ байр минийх биш, Эрдэнэбүрэнгийнх. Бидний хооронд ямар нэг өр авлага, бие биедээ мөнгө зээлсэн тохиолдол байхгүй. Р.Эрдэнэбүрэн болон эхнэртэй нь хамтарт бизнес эрхэлж байгаагүй. Байрны төлбөрийг хэрхэн төлсөн талаар мэдэхгүй” гэж байж. Сүүлдээ “380 сая төгрөг цувуулж авсан, одоо болтол төлөөгүй” гэж мэдүүлсэн юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарыг цагаатгасан билээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсан бол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх ч уг хоёр шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэлээ.