Турк улсад ажиллаж, амьдарч байсан Л гэх монгол эмэгтэй хамтран амьдрагчдаа буудуулж амиа алдсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарчээ. Энэ талаар ГХЯ-ныхнаас өчигдөр өглөө тодруулахад “Ийм мэдээлэл ирээгүй” хэмээн хариулж байсан ч үдээс хойш нь тус яамны Консулын газраас “Туркт монгол эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан нь үнэн. Өнөөдөр хохирогчийн ээжтэй нь холбогдлоо. Талийгаачийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Тэгээд ч энэ асуудал бол хувь хүний нууцтай холбоотой. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт сэтгүүлчдэд өгсөн юм.
Туркийн хууль, хяналтын байгууллагынхан хэргийг нарийвчлан шалгаж буй бөгөөд сэжигтэн залууг цагдан хориод байгаа аж. Турк дэх манай дипломат төлөөлөгчийн газрынхан тус улсын хууль, хяналтын байгууллагынхантай хамтран ажиллаж, талийгаачийн ар гэрийнхнийг тус улсад очиход мөрдөн шалгаж буй цагдаагийнхантай уулзуулах зэрэг ажлыг зохион байгуулж буй гэнэ.