Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын “Орхон” сургуулийн аравдугаар ангийн “Эко клуб”, “Өсвөрийн аврагчид” клубийн сурагчид “Нийлэг уутнаас татгалзъя” уриалга гаргаж, өөрсдөө даавуун уут хийж, ширхгийг нь 1000-3000 төгрөгөөр борлуулж байна.
Тодруулбал, цуу ямбуугаар урласан 2-3 кг-ын даацтай жижиг даавуун уут 1000, 5-8 кг-ын даацтай нь бариултай, эсэхээсээ хамааран 2500-3000 төгрөгийн үнэтэй аж. Тэд 45 ширхэг уут оёсон бөгөөд 20-ийг нь борлуулжээ. Тус сургуулийн 10б ангийн “Өсвөрийн аврагчид” клубийн удирдагч багш Э.Энхцэцэг “Хүүхдүүд өөрсдөө энэ санаачилгыг эхлүүлсэн. Эцэг, эхийн дэмжлэг, оролцоотойгоор аяныг цаашид үргэлжлүүлэх юм.
Өнөөдөр (өчигдөр) байгууллагуудаар явж уутаа борлуулахаар төлөвлөж байна. Олсон ашгаа клубийнхээ үйл ажиллагааг сайжруулахад зарцуулна” гэв. Тус сургуулийн сурагчид сургуулийнхаа эко буланд даавуун уут борлуулах цэгтэй болжээ.