“Шинэ толь хэмээх бичиг” сониныг 1913 оны гуравдугаар сарын 6-нд анх хэвлэснээр Монголд сэтгүүл зүй үүссэн гэж үздэг. Сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 106 жилийн ой уржигдар тохиолоо. Эл өдрийг тохиолдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран уулзалт зохион байгуулав.
Уулзалтад оролцогчид сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах байгууллага байгуулах талаар болон цалин урамшууллын асуудлыг хөндөж ярилаа. Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулахыг санаачлагчдын бүлгийн гишүүн З.Батхуяг “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг 1993 онд баталсан. Уг хуульд сэтгүүлч ямар ажил хийх ёстой талаар нарийн заалт байхгүй. Тодорхой заалт, хууль эрх зүйн орчингүй учраас ажиллахад хүндрэлтэй байгаа. Улстөрчид сэтгүүлчдэд дарамт шахалт үзүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт асуудлыг хэрхэн шийдэх талаар холбогдох хүмүүс хэлэлцэж байна” гэлээ. Уулзалтад 40 гаруй сэтгүүлч оролцсоны олонх нь залуу үеийнхэн байлаа.