Афганистанд 17 жил үргэлжилж буй АНУ-ын цэргийн ажиллагааг дуусгах учиртай хуулийн төслийг тус улсын сенатч, Бүгд найрамдах намын гишүүн Рэнд Пол, Том Юдолл (Ардчилсан намын гишүүн) нар Конгресстоо өргөн барьжээ. Цэргээ нутаг буцаах тухай уг хуулийг баталбал АНУ Афганистанд ялснаа зарлаж, нэг жилийн хугацаанд бүх алба хаагчаа гаргах төлөвлөгөөг 45 хоногт боловсруулах ёстой.
“Эл санаачилга нь афганчуудын хэрэгжүүлэх улс төрийн эвлэрлийн үндсийг тавих юм” гэж хуулийн төсөлд дурджээ. Мөн 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа Ерөнхийлөгчдөө Конгрессоос тавьсан, цэргийн хүч хэрэглэх зөвшөөрлийг хүчингүй болгох ёстой аж.
ЦЭРГҮҮДИЙН ТЭТГЭЛЭГ
Үүний сацуу хуулийн төсөлд тэмдэглэснээр АНУ-ын Засгийн газар Афганистаны ажиллагаанд оролцсон гурван сая гаруй цэргийн алба хаагчид жилийн турш нийт 7.5 тэрбум долларын тэтгэлэг олгох нь. Энэ нь жил тутмын зардлыг 83 хувиар бууруулах гэнэ.
“Эцэс төгсгөлгүй дайн манай үндэсний аюулгүй байдлыг сулруулж, эрчимтэй өсөн нэмэгдэж буй өр нь өнөө болон ирээдүй хойч үеийн халаасыг суйлж, биднийг заналхийлсэн шинэ дайсныг бий болгож байна. Хэдийн хүрсэн ялалтаа зарлан, цэргээ хариулж, юуны түрүүнд Америкийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх цаг болжээ” гэж Рэнд Пол тэмдэглэсэн байна. 2001 оны аравдугаар сараас хойш Америкийн 2300 гаруй алба хаагч амь үрэгдэж, цэргийн ажиллагаанд хоёр их наяд доллар зарцуулсныг тэрбээр онцолжээ.
Том Юдоллын хэлснээр хорвоод мэндлэхээс нь өмнө эхэлсэн дайнд оролцохоор ээлжийн цэргүүд удахгүй Афганистанд очих гэнэ. Сенатын гишүүдийн санаачилгыг АНУ-ын ахмад дайчдын хэд хэдэн байгууллага хэдийн дэмжсэн байна.
Одоо Америкийн засаг захиргаа цэргийн мөргөлдөөнийг зогсоохоор “Талибан” хөдөлгөөнийхөнтэй хэлэлцээ хийж буй аж. Афганистанд байрлаж буй 14 мянган цэргээ ирэх саруудад хоёр дахин цөөрүүлэхээр хэлэлцээ хийж буй тухай хэвлэлүүд мэдээлжээ. Америкийн цэрэг ирэх 3-5 жилд Афганистанаас гарна гэж хэвлэлд бичсэн байна.
17 ЖИЛИЙН ДАЙН
Афганистан дахь цэргийн ажиллагаа 2011 оны арванхоёрдугаар сараас хойш үргэлжилж байгаа юм. Эл кампанит ажлын ид үе болох 2010-2013 онд тус улс дахь Өрнөдийн хүчний бие бүрэлдэхүүн 150 мянга давж байв. АНУ болон НАТО-гийн цэргийн гол хүч 2014 онд гарсан бөгөөд тус улсад одоо эвслийн зааварлагч, зөвлөхөөс бүрдсэн 14 мянган алба хаагч буй аж.
Өнгөрсөн дөрвөн жилд “Талибан” хөдөлгөөн Афганистанд хяналтаа тогтоосон газар нутгаа үлэмж өргөжүүлж, одоо тус улсын нутаг дэвсгэрийн бараг 60 хувийг мэдэлдээ аваад байна.