БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Багийг барьцаагаар суллах шийдвэрийг Сөүл хотын Дээд шүүх гаргажээ. Түүнд авлигын хэргээр 15 жил хорих ял оноосон юм.
Шоронд хоригдоод нэг жил болж байгаа түүний биеийн байдал муудсан нь барьцаагаар суллах үндэслэлүүдийн нэг болжээ.
И Мён Багийг баривчлах зөвшөөрлийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-нд өгсөн. Авлига авсан, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгуулийн хуулийг зөрчсөн хэрэгт түүнийг буруутгаж, 20 жил хорих ял оноохыг Прокурорын газар нь шаардаж байсан юм. Мөн Үндэсний тагнуулын албаны нууц сангаас 10.3 сая хүртэл ам.доллар хууль бусаар авсан хэрэгт түүнийг бас сэжиглэсэн байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд И Мён Багт 15 жил хорих ял шийтгэсэн. Гэхдээ тэрбээр өөрийг нь буруутгасан хэргүүдийг няцааж, эрх баригчид авлигатай тэмцэх нэрийдлээр консерватив хүчний эсрэг кампанит ажил явуулж байна хэмээн мэдэгдэж байв. И Мён Баг 2008-2013 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.