Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж буй. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулах боломжтойг олон нийтэд ойлгуулах зорилго бүхий энэхүү арга хэмжээний үеэр оролцогчид нэг цагийн турш гэрлээ унтраадаг билээ. Монгол Улс 2010 онд энэхүү санаачилгад нэгдсэн.
Зохион байгуулагч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан энэ жил “Эх дэлхийн цаг”-аар хуванцраас татгалзах уриалгууд гаргаж, олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ. “Эх дэлхийн цаг-2019” энэ сарын 30-ний бямба гаргийн 20.30 цагт дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ. Уг өдрийн 20.30-21.30 цагт Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрлийг унтрааж, лаа гэрэлтүүлэх юм байна. Үүнд оролцох боломжгүй иргэд гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т нэгдэхийг зохион байгуулагчид уриаллаа.
Ташрамд дурдахад, “Эх дэлхийн цаг” анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлжээ. 2008 оноос энэхүү уриалга нь дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн болон өргөжсөн байна. Өнгөрсөн онд 188 орны 5251 хотын 3.6 тэрбум хүнийг хамруулсан аж.