БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын хоёрдугаар чуулган Бээжин хотод болж байна. Жил тутмын чуулганыг тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нээж, Засгийн газрынхаа өнгөрсөн онд хийсэн ажил, энэ оны гол зорилтуудаа тусгасан илтгэл тавьжээ. Их хурлын 3000 гаруй гишүүн ирэх 10 хоногт улсаа шинэ онд хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж, хуулийн хэд хэдэн шинэ төсөл батлах юм.
ЦЭРГИЙН ЗАРДАЛ
Хятадын эрх баригчид 2019 онд батлан хамгаалахын зардлаа 7.5 хувиар нэмж, 1.19 их наяд юань буюу 177.61 тэрбум ам долларт хүргэхээр төлөвлөжээ. Албан ёсны мэдээллээс үзвэл тус улсын цэргийн төсөв долоон хувиар нэмэгдэж, түүхэнд анх удаа нэг их наяд юань давсан юм. Өнгөрсөн онд БНХАУ-ын эрх баригчид уг зардлаа 8.1 хувиар нэмж, 1.11 их наяд юань буюу 175 тэрбум орчим ам.долларт хүргэсэн билээ. Тус улсын цэргийн төсөв хийгээд, зардал бодит байдал дээр 25-50 хувиар их хэмээн олон улсын байгууллагууд, тэр дундаа Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн таамаглажээ. Цэргийн шинжээчдийн үзэж буйгаар Хятадаас өгч буй мэдээлэлд стратегийн хүчин, батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн ажил, гадаадаас импортолсон зэвсэг, дотоодын цэрэг болон бусад хагас цэрэгжсэн анги, нэгтгэлийнх нь зардал багтдаггүй аж. Тэрчлэн мужуудын захиргааны цэргийн зардлыг тусгаагүй гэнэ.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
Эдийн засгаа энд онд 6-6.5 хувиар өсгөнө хэмээн Ли Көцяны илтгэлд дурджээ. “Үндэсний онцлогтой, өндөр чанартай хөгжилд хүрэхээр зорьж буй бидний хувьд энэ нь амбицтай бөгөөд бодитой зорилт юм” гэж уг баримт бичигт тэмдэглэсэн байна. Мөн хугацаанд инфляцын түвшин нь гурван хувьтай, ажилгүйдлийг 4.5-5 хувьд барихаар төлөвлөжээ. Статистикийн газрынх нь мэдээлснээр эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн онд 6.6 хувь байв.
ДНБ-ий өсөлт нь аажмаар удаашрах болжээ. 2010 онд энэ үзүүлэлт 10.4 хувь байсан нь буурсаар 2016 онд 6.7 хувь болсон байна. Харин 2017 онд 6.8 хувь болж өсжээ.
ОРЛОГО БУУРАХ НЬ
Энэ онд Хятадын төсвийн орлого үлэмж буурахыг Сангийн яамных нь илтгэлд тэмдэглэсэн байна. “Эдийн засгийн хөгжлийн чиг хандлагын дарамт их, татвар буурч, мөнгөн орлого багасах зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр орлогын өсөлтийн хурд зарим талаар удааширна. Харин зардал нь хэрэглээнээс давах нь” гэж дээрх илтгэлд дурдсан аж.
УЛСЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛ
Засгийн газрынх нь илтгэлээс үзвэл энэ онд төсвийн алдагдал нь 2.76 их наяд юань буюу ДНБ-ийх нь 2.8 хувь орчим байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.2 хувиар бага үзүүлэлт юм.
ТАТВАРЫН АЧААЛАЛ
Энэ онд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр их наяд юаниар бууруулахаар Хятадын эрх баригчид төлөвлөжээ. “Татварын ачааллыг цаашид бууруулахад БНХАУ-ын эрх баригчид татвар, хураамжийн тогтолцоог шинэчилж, тодорхой өөрчлөлт оруулсан. Татварыг багасгаснаар хувийн компаниуд орлогоо дунджаар хоёр хувиар нэмэх боломжтой” гэж тус улсын Татварын ерөнхий газрын орлогч дарга Жэнь Жунфа урьд нь мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн онд л гэхэд татварын ачааллыг бууруулах төлөвлөгөөгөө биелүүлжээ. Тодруулбал, татвар, хурамжийн хэмжээ 184 тэрбум ам.доллароор буурсан гэнэ.