ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 05-ны 5 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1.1.2-ыг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатайгаар онцгой байдал тогтоох шийдвэр гарлаа. Энэ нь үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол үүсгэнэ гэсэн үг биш. Харин санхүүгийн бичиг баримтыг татаж үзэх, шаардлагатай байгаа зарим хяналт шалгалтыг хийх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах зэргээр зургаан сарын хугацаатайгаар онц дэглэм тогтоох юм. Шаардлагатай гэж үзвэл УИХ-д танилцуулна.
Мөн Ерөнхий сайдын даалгавраар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг гарсан. Яг одоо үйлдвэрийн ажилтай танилцахаар явах гэж байна.
Энэ бол Зүүн Өмнөд Азид түгээмэл ашиглагддаг мөнгө угаах, луйврын систем юм. Дэлхийн 12-13 улсад ажиглагддаг. Ялангуяа ардчилал хөгжиж буй улсуудад түгээмэл ажиглагддаг жижиг луйвар. Үүнд сүржигнээд байх зүйлгүй. Хууль хэрэгждэг улсад аль эрт шийдэгдчихсэн байх ёстой асуудал. Тиймээс тухай бүрд нь мэдээллийг өгч, засч залруулах нь Засгийн газрын нэг үүрэг гэж бодож байна.
Түүнчлэн шүүгч М.Батсуурийг энэхүү мөнгө угаах системд оролцсон, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн үзэж Шүүхийн ерөнхий зөвлөл, АТГ-т гомдол гаргана. Хэрвээ нотлогдвол ажлаа өгөх шаардлагатай тулгарна.
Төрд мөнгө байсаар байтал бусдад давуу байдал олгож, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах үйл ажиллагааг хийсэн 32 дугаар тэмдэглэлд дурдагдсан албан тушаалтнуудыг АТГ-т өгөх нь зүйтэй хэмээн Засгийн газар үзлээ. ЦЕГ, ТЕГ-аас зарим хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авна.
Өчигдрийн үйл явдлын дараа улс төрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий улс төрчид хуулийн байгууллагууд руу утасдаж, дарамт үүсгэсэн гэх мэдээлэл ирлээ. Мөн 49 хувьтай холбоотой хүмүүс хууль, хяналтын байгууллагууд руу утас цохиж, уулзахыг хүсэж байгаа гэсэн мэдээлэл ТЕГ-аас ирсэн. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнөөдрийн хувьд тэдний нэрийг зарлахгүй ч иймэрхүү асуудал цаашдаа гарсаар байвал нэр устай нь зарлах болно" гэв.