Газар гэсэж, орчны бохирдол ихэсдэг өнөө үед хөл, гар, амны халдварт өвчин тархдаг. Өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн 300 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 43 хувийг эзэлж байгаа аж.
Энэ нь сүүлийн таван жилийн дунджаас 150 орчим тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. ХӨСҮТ-ийнхнөөс энэ талаар тодруулахад “Өвчин дэгдээгүй, алаг цоог тархаж байна. Нян, бохироос үүсдэг өвчин тул тэгсхийгээд намждаг” гэв. Өндөр халуурч, хөл, гарын гаднах хэсгээр цэврүүтэй тууралт гарч, ам гэмтээдэг учраас хүүхэд нэлээд зовиурладаг гэж эмч нар хэлсэн.
Голдуу 0-5 насныхан энэ өвчинд нэрвэгддэг байна. Дархлаанаас нь хамаараад хүнд, хөнгөн явцтай ч олонх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг аж.