Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг түргэтгэх зорилготой команд, штабын “Key resolve”, хээрийн “Foal eagle” хамтарсан сургуулилалтаа АНУ, БНСУ хийхгүй байхаар шийдэв. Үүний оронд өнөөдрөөс эхлээд энэ сарын 12 хүртэл “Эвсэл” хамтарсан сургуулилалтыг эхлүүлэх тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Тодруулбал, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Чон Гён Ду АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахантай утсаар ярихдаа ийм шийдвэр гаргасан гэнэ. Энэ шийдвэр нь түгшүүртэй байдлыг намжааж, тус бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгох дипломат хүчин чармайлтыг дэмжихэд чиглэсэн тус хоёр орны зорилгыг тусгасан аж.
Өнгөрөгч долоо хоногт АНУ, БНАСАУ-ын удирдагчид Вьетнамын нийслэлд хоёр дахь уулзалтаа хийсэн. Үүний дараа Дональд Трамп Бүгд найрамдах намынхаа жил тутмын бага хурлын үеэр үг хэлэхдээ Ханойн уулзалт сайн болсныг тэмдэглэжээ. Түүний хэлснээр цөмийн зэвсгээ устгахыг БНАСАУ зөвшөөрсний хариуд АНУ буулт хийгээгүй ч тохиролцоонд хүрсэн тохиолдолд Пёньянд туслуулах талаар бусад улсад нөлөөлөхөд бэлэн гэнэ.
Ханойн уулзалтыг дүгнэсэн ямар нэг баримт бичиг гаргаагүй. Гэхдээ гарын үсэг зурах баримт бичиг бэлэн байсан ч талууд харилцан буулт хийж чадаагүйг АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ. АНУ хориг арга хэмжээгээ бүрэн цуцлахыг БНАСАУ хүссэн хэмээн Д.Трамп хэлсэн юм. Харин БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд И Ён Хогийн мэдээлснээс үзвэл тус улсын удирдагч Ким Жөн Ун Ханойн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-аас хориг арга хэмжээг зарим талаар цуцлахыг хүссэн аж. Эдийн засгийн иргэний салбар, жирийн иргэдийн амьдралыг хохироож буй хязгаарлах арга хэмжээнүүдийг цуцлахыг БНАСАУ хүссэн гэнэ. Ингэвэл пуужингийн болон цөмийн туршилтаа зогсоохыг тус улс зөвшөөрөхийг И Ён Хо тодруулжээ.
Дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНСУ-ын Төрийн тэргүүн Мүн Жэ Интэй утсаар ярьж, хэлэлцээ хэрхэн болсон талаар мэдээлсэн. Харин БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Энэ нь сүүлийн 55 жилд БНАСАУ-ын дээд удирдагчийн Вьетнамд хийсэн анхны айлчлал болсон билээ. Тодруулбал, Ким Жөн Ун өвөөгийнхөө явсан чиглэлээр Пёньянаас Вьетнам хүртэлх 4100 гаруй км замыг хуягт галт тэргээр туулжээ. Уг галт тэргийг 1964 онд ч ашиглаж байсан байна. Ким Жөн Ун Вьетнам улстай бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахаар төлөвлөж буйгаа тус улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа мэдэгджээ.
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргын хуягт галт тэрэг Пёньян руу буцах замдаа Хятадын Хунань мужийн Чанша хотын төмөр замын буудлаар дайран өнгөрчээ. Эндээс цааш БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзахаар Бээжинг зорьж магадгүй хэмээн “Yonhap” агентлаг урьд нь мэдээлж байсан юм.