Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагдсан осол гарсан. Уг осол болсон даруйд хоёр иргэнийг эсэнд мэнд гаргасан бөгөөд ослын дуудлагыг Онцгой байдлын байгууллагад мөн өдрийн 16.00 цагт ирүүлсэн.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр ослын газарт очин шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна.
Мөн Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Үндэсний аврах бригадын дөрвөн алба хаагч өнөө өглөө ослын газарт очин, хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.
Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд үргэлжилж байна.
ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: Энэхүү ослыг газар хөдлөлттэй холбон тайлбарлаж болохгүй. Нарийн судалж байж дүгнэлт гаргана. ЮНурангид өртөж, нас барсан дөрвөн хүнийг гаргаж авах нь нэн түрүүний зорилт болоод байна. Ослыг газар хөдлөлтийн нөхцөл байдалтай уялдуулж авч үзэж болохгүй. Бульдозер, эксковаторт байсан хоёр хүн техниктэйгээ шороонд дарагдчихсан байгаа. Насос дээр ажиллаж байсан хоёр хүн зугтаж яваад нурангид өртчихсөн гэх мэдээллийг тухайн газар дээр нь ажлыг удирдаж байсан мастер болоод үйл явцыг өөрийн биеэр харсан хүмүүсээс тодруулаад нурангийн хаана байж болзошгүй вэ гэдгийг тогтоогоод ажиллаж байна. Тэр хүмүүсийн цогцсыг гаргаж авахын тулд гүний усыг соруулах шаардлагатай тулгарч байна. Усны түвшин 2-3 метр гүн, хананаас нь ус гоожиж байна. Дахиад нуралт үүсэх магадлал тун өндөр байна” гэлээ.