Пакистаны Агаарын цэргийн хүчний устгасан нисэх онгоцны нисгэгчийг суллаж, эх оронд нь буцаахыг тус улсаас Энэтхэгийн Засгийн газарт шаарджээ. Цөмийн зэвсэгтэй энэ хоёр улсын харилцаа Кашмирын статусын улмаас дахин хурцадсан юм.
Пакистаны Мэдээллийн яамнаас нийтэлсэн дүрс бичлэгээс үзвэл олзлогдсон нисгэгчийн нүдийг боосон, нүүр лүү нь цус урссан байдалтай харагджээ. Шархадсан цэргийг ийм байдалтай харуулсан нь бүдүүлэг явдал хэмээн Энэтхэгийн тал мэдэгдсэн байна. Тус улс хойд нутгийнхаа иргэний агаарын тээврийн нисэх буудлуудын олонхыг хааж, нислэгийг бусад газар руу шилжүүлэх болжээ.
ХАРИЛЦАА МУУДСАН ШАЛТГААН
Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч хоёр нисэх онгоцыг Пакистаны агаарын хил зөрчсөн хэмээн устгаснаа тус улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Асиф Гафур лхагва гаргийн өглөө мэдэгдсэн. Устгасан хоёр онгоцны нэг нь маргаантай бүс нутаг болох Жамму-Кашмирын Пакистаны, нөгөө нь Энэтхэгийн талд унасан гэнэ. Эл хэрэг явдлын үеэр Энэтхэгийн нэг нисгэгчийг олзолсон аж.
Үүний өмнө Энэтхэгийн онгоцнууд Пакистаны Балакот хот орчим дахь “Мухаммедийн арми” бүлэглэлийн босогчдын томоохон хуаранд цохилт өгсөн юм. Тодруулбал, тус хоёр улс хоорондоо дайтсан 1971 оноос хойш анх удаа Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний 12 онгоц тус хуаранд өндөр нарийвчлалтай тэсрэх бөмбөг хаяж бүрэн устгасны сацуу 300 орчим босогчийг устгасан билээ. Тус бүлэглэл энэ сарын 14-нд хоёр улсын маргаантай бүс нутагт Энэтхэгийн цэргийн цуваанд халдаж, 45 хүний аминд хүрсэн хариуцлагыг хүлээсэн байна.
ЭВЛЭРЭХИЙГ УРИАЛАВ
“Аливаа дайн, байлдаан удирдагчдынх нь тооцоолж байснаас илүү удаан үргэлжилдгийг түүх бидэнд сургасан. Манай хоёр улс ямар зэвсэгтэйг харгалзан үзээд бид алдаа гаргаж болох, эсэхийг би Энэтхэгийн талаас асуумаар байна” гэж Пакистаны Ерөнхий сайд Имран Хан нэмж хэлжээ.
Хоёр орны харилцааг энэ удаа муутгахад хүргэсэн, Пулвама хотод Энэтхэгийн цэргийн цуваанд халдсан хэргийг тус улс мөрдөн шалгах ажил туслахад Пакистан бэлэн гэдгийг тэрбээр илэрхийлсэн байна. Өнгөрсөн сарын 14-нд болсон уг халдлагын улмаас Энэтхэгийн 45 цэрэг амь үрэгдсэн юм. Эл халдлагын хариуцлагыг “Мухаммедийн арми” бүлэглэлийн босогчид хүлээсэн билээ.
Хятад, Оросын Гадаад хэргийн сайд нартай Бээжинд хэлэлцээ хийж байсан Энэтхэгийн Гадаад хэргийн сайд “Манай улс хариуцлагатай бөгөөд хүлээцтэй хөдөлнө” хэмээн мэдэгджээ. Харин тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди уг хэргийн талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна. Тус хоёр улсыг цаашид цэргийн ажиллагаа явуулахаас зайлсхийхийг АНУ болон Хятадын тал уриалжээ.
Жамму-Кашмир нь манай гаргийн хамгийн цэрэгжсэн бүс нутгуудын нэг төдийгүй цөмийн зэвсэгтэй гүрнүүд сөргөлддөг хамгийн тогтворгүй “халуун цэг” юм. Өнгөрсөн онд тус бүс нутагт жирийн иргэд, аюулаас хамгаалах хүчнийхэн, дүрвэгсэд нийлсэн 500 гаруй хүний амь эрсэджээ. Энэ нь өнгөрсөн арван жилийн аль ч оныхоос давсан үзүүлэлт. Чухам анхаарал татсан ийм үед дээрх халдлагыг үйлдсэн байна.
КАШМИРЫН ТҮГШҮҮРТЭЙ БОЛОХ НЬ ЯАГААД АЮУЛТАЙ ВЭ
Британийн колониос Энэтхэг тусгаар тогтнож, дэлхийн газрын зурагт Пакистан улс бий болсноос хойш удалгүй 1947-1948 онд тус хоёр орон хоорондоо анх удаа мөргөлдсөн юм. Өдгөө нутаг дэвсгэрийг нь бүсээр заагладаг. Энэ бүсийг Энэтхэг, Пакистанаас гадна Хятад улс удирддаг. Цөмийн зэвсэгтэй Энэтхэг, Пакистан хоорондын шинэ мөргөлдөөн таамаглахын аргагүй уршиг дагуулж мэдэх юм.
Түүхэндээ тус хоёр улсын хооронд хоёр ч удаа дайн (1947, 1965) болсны сацуу байлдааны хэд хэдэн жижиг ажиллагаа, цэрэг болон энгийн иргэд хооронд бага хэмжээний олон мөргөлдөөн, халдлага болж байжээ. Иймээс тус бүсийн эдийн засаг нь улс төрийн байдлынхаа адил одоо ч тогтворгүй байгаа юм.