УИХ-ын гишүүн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг голлон шалгасан, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн 2-3 мөрдөгч офицерыг АТГ-ынхан байцааж эхэлжээ. Ингэхдээ “маш нууц” хэмээх дардастайгаар шалгаж буй гэнэ. Хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээллээр УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж байхад ажиллаж байсан, дараа нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжиж, улмаар Б.Хурцыг ТЕГ-ын дарга болоход дагаж явсан Б, У нарыг шалгаж байгаа аж.
Цахим мэдээллийн зарим хэрэгслээр “Цагдаагийн хурандаа нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаагчид Ц.Амгаланбаатарыг айлган сүрдүүлж, мэдүүлгийг нь зааж өгдөг, түүнийг нь бэхжүүлэн авдаг байсан” гэх зэрэг мэдээ цацсан бөгөөд цагдаагийнхан бус дээрх хоёр хүнийг шалгаж буй аж.
Гэхдээ цагдан хориогүй. Харин ажил, албан тушаалыг нь түдгэлзүүлсэн гэдгийг баталлаа. Дээрх хоёр хүн ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст очоод хурандаа, дэд хурандаа цолтой болсон гэнэ. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар хэргээ задалж, шалгаж байсан мөрдөгчид ноцтой алдаа гарган, хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн дээрх хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм байна.