Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө хөлсийг нь авч ажиллаж буй өмгөөлөгч ёс зүйн алдаа гаргалаа. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцож байсан өмгөөлөгч Д.Барсүрэн үйлчлүүлэгчийнхээ ээжид гар хүрч танхайраад зогсохгүй, шүүхийн хурлын нарийн бичиг, шүүгчийн туслахтай хэрэлдсэн гэх мэдээлэл бидэнд ирэв.
Энэ талаар шүүхийн хамгаалалтын цагдаагийнхан, дээрх шүүхийн эх сурвалжуудаас тодруулахад “Тийм явдал болсон нь үнэн. Одоо Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн” гэсэн юм.
Энэ сарын 26-ны мягмар гарагт шүүгдэгч А.Наранбатын хэрэгт өмгөөлөгч Д.Барсүрэн давж заалдах гомдол гарган хуралд оролцсон юм байна. Тухайн шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хохирол учруулж, хэргийн газраас зугтсан хэрэгт ял шийтгүүлсэн нэгэн аж.
Өмгөөлөгчтэй хамт шүүгдэгчийн ээж нь хуралд ирсэн байж. Гэтэл үйлчлүүлэгчийнхээ ээжийг “Үгэнд орсонгүй” хэмээн маргалдаж улмаар цохиж, өшиглөсөн нь шүүхийн байрны хяналтын камерт бичигдэж үлджээ.
Манай хууль шүүхийн практикт өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндэд халдсан нэг бус тохиолдол энэ болж байна. 1-2 жилийн өмнө өөр нэг өмгөөлөгч үйлчлүүлэгч эмэгтэйгээ зодсон хэрэг Төв аймагт гарч байжээ.