Сирийн Ерөнхийлөгч Башар Асад тус улсад найман жилийн өмнө иргэний дайны эхэлснээс хойш анх удаа Иранд айлчилж, дээд удирдагч, аятолла Али Хаменеитэй уулзжээ. Энэ үеэр Исламын хувьсгалын 40 жилийн ойн баярын мэндийг Иран улсад Башар Асад дэвшүүлснийг Сирийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдээлсэн байна. Хүчтэй улс байгуулсан жишээ болохын хувьд Ираныг Б.Асад өндрөөр үнэлжээ. “Иргэний дайнд Сирийн Засгийн газар ялсан нь АНУ болон Өрнөдийн бусад оронд цохилт болсон. Иран улс Б.Асадын Засгийн газрыг дэмжсээр байх болно” гэж Али Хаменеи тэмдэглэсэн байна. Мөн Б.Асад Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай уулзжээ. Иран болон ОХУ Сирийн Засгийн газрыг 2011 онд эхэлсэн иргэний дайных нь үеэр дэмжсэн юм. Дайны үеэр Б.Асад илт давуу байдалтай байж, Сири дэх Ираны нөлөө улам ихсэж буйд их сэтгэл түгшиж буйгаа АНУ болон Израил илэрхийлдэг. Ирантай илэрхий сөргөлдөгч Израил Улсаас Сири дэх Ираны байнуудад удаа дараа цохилт өгсөн билээ.