Улсын их хурал, Монголбанк хамтран “Think tank-Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлгийг Төрийн ордонд баасан гарагт зохион байгуулав. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Өнгөрсөн онд манай улсад инфляц зорилтот түвшнээс доогуур буюу 7.3, ДНБ-ий өсөлт 6.9 хувьд хүрсэн нь эдийн засаг сэргэн, улмаар тогтвортой тэлэх боломж бүрдсэний илрэл” гэлээ.
Эл эерэг нөхцөлд тулгуурлан Төвбанкнаас зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг өсгөх арга хэмжээ авсны дүнд банкуудын жигнэсэн дундаж хүү 2018 оны эцэст 16.9 хувь болж өмнөх оныхоосоо 2.5 нэгжээр буурсан аж. Ингэснээр банкуудаас иргэд болон аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээлийн хэмжээ нэмэгдсэн гэв.
Тус банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Сүүлийн 15 жилийн 12-т нь төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарчээ. Энэ нь цөөн нэрийн бүтээгдэхүүн экспортолж, олон төрлийн таваар импортолдогтой холбоотой. Түүнчлэн урсгал данс сүүлийн 10 жил алдагдалтай байсан нь нөлөөлсөн.
Монголбанкнаас төгрөгийн ханшийг чангаруулахаар 2018 онд 1.2 тэрбум ам.долларыг дотоодын зах зээлд нийлүүлж, хэрэглээний зээлийг хязгаарлан, бодлогын хүүг нэг хувиар өсгөх зэрэг арга хэмжээ авсан” хэмээв. Энэ жил болон ирэх онуудад эдийн засгийн өсөлт үргэлжлэн, төгрөгийн ханш чангарч, инфляцын түвшин буурах боломжтойг тэрбээр дурдсан юм.