Жүдо бөхийн энэ оны хоёр дахь “Их дуулга” ангиллын тэмцээн Герман улсын Дюссельдорф хотод гурван өдөр үргэлжлэн, өчигдөр дуусав. 97 орны 404 эрэгтэй, 279 эмэгтэй жүдоч оролцсон тэмцээнд Монголоос Хөдөлмөрийн баатар О.Балжиннямын удирдлагад 18 бөх зодоглон, нэг мөнгө, хоёр хүрэл медаль (сүүлийн өдөр барилдсан тамирчдын амжилт багтаагүй) хүртэв. Түрүүлсэн бөх тав, үзүүрлэсэн нь гурав, хүрэл медалийн эзэн 1500 ам.доллар өвөртөлсөн “Их дуулга”-ын зарим жингийн сонирхолтой барилдааныг тоймлон хүргэе.
Л.СОСОРБАРАМЫН СОДОН АМЖИЛТ
Тэмцээний эхний хоёр өдөр болсон эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн таван жингийн барилдаанд япончууд долоод нь түрүүлсэн. Тэд 70 кг-д бөх сойгоогүй тул ганцхан жинд түрүү алдсан гэсэн үг. Дюссельдорфын “Их дуулга”-д япончуудын ноёрхлыг 18 настай монгол жүдоч Л.Сосорбарам зогсоолоо.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат, Монголын үндэсний биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжааний оюутан тэрбээр эхний тойрогт гоц мөргөн, удаах даваануудад Хонконгийн Цүй Шүк Ки, Туркийн Ирэм Коркмаз нарыг өчих мэхээр цэвэр, Францын Астрид Гнетог торгуулиар өвдөг шороодуулж, хагас шигшээд Японы бөх Кишима Маедаг цэвэр ялав.
Ингэснээр Л.Сосорбарам “Их дуулга” ангиллын тэмцээнд аваргын төлөө хамгийн залуудаа барилдсан монгол бөх болов. Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлж, шилдэг тамирчнаар шалгарсан тэрбээр алтан медалийн төлөө олимп, дэлхийн аварга, Косовагийн бөх Малинда Кельмендитэй өрсөлдлөө. Манай тамирчин хэдийгээр идэвхтэй, санаачилгатай, шийдэмгий барилдсан ч туршлага дутаж буй нь анзаарагдсан.
Гэхдээ жиндээ дэлхийд шилдэг байгаа бөхөд үнэлгээ алдалгүй, торгуулиар ялагдсан нь түүний хэр ирээдүйтэйгийнх нь илрэл болов уу. Ингэснээр залуучуудын олимпын дэд аварга, жүдогоор долоо дахь жилдээ барилдаж буй Л.Сосорбарам “Их дуулга”-аас анхны медалиа хүртэж, үзүүрлэв.
Тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)- ны албан ёсны сайтад “Монгол жүдоч Л.Сосорбарам “Их дуулга” ангиллын тэмцээний медалийн салхиа хагалсанд баяр хүргэе” хэмээн бичжээ. Эл жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Кишима Маеда, Риогийн олимпын мөнгөн медальт, Италийн Одетте Жиуфрида нар хүрэл медаль хүртлээ.
Д.СУМЪЯА Р.СИЛЬВАГААС ДААГАА НЭХЭЖ ЧАДСАНГҮЙ
Сүүлийн үед тэмцээнд төдийлөн оролцоогүй, УАШТ-ийг хүртэл өнжсөн, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Дюссельдорфын “Их дуулга”-д түрүүлж чадсангүй. Олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальтай тэрбээр эл тэмцээнд олон шилдэгтэй барилдсан. Тэдгээрээс хагас шигшээд олимпын аварга Рафаэла Сильватай хийсэн барилдаан спортын хорхойтнуудын анхаарлыг хамгийн их татлаа.
Тэд Риогийн олимпод аваргын төлөө өрсөлдөхөд бразил жүдоч эргэлзээтэй шүүлтээр ялсан. Энэ удаа Д.Сумъяа түүнээс даагаа нэхэж чадах, эсэхийг олон хүн сонирхож байсан нь мэдээж. Гэвч манай тамирчин Р.Сильвагаас даагаа нэхэж чадалгүй вазари үнэлгээгээр ялагдав.
Хэрэв түүнийг өвдөг шороодуулсан бол аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт, япон бөх Ёшида Цүкасатай барилдах байлаа. Улмаар Д.Сумъяа хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн долоо хоногт Европын нээлттэй тэмцээнд түрүүлсэн, Польшийн жүдоч Анна Боровскаг боох мэхээр цэвэр ялав. Ингэснээр тэрбээр “Их дуулга”-аас зургаа дахь хүрэл медалиа хүртлээ.
Ё.БАСХҮҮ “ИХ ДУУЛГА”-ААС ХОЁР ДАХЬ МЕДАЛИА АВЛАА
Монголын багийн гурав дахь медалийг Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх Ё.Басхүү хүртлээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Парисын “Их дуулга”-ын аварга, Молдавын Д.Вьерүг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялав.
Гаагын гран пригийн аварга, олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөн, удаах даваануудад Алжир, Израилын бөхийг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын Якуб Шамиловт дийлдэв. Улмаар дагах тойрогт Казахстаны Е.Куановыг өвдөг шороодуулан, медалийн төлөө барилдах эрх өвөртөлсөн юм.
Ингэснээр Ё.Басхүү “Их дуулга” ангиллын тэмцээнээс хоёр дахь медалиа хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил Осакагийн “Их дуулга”-аас хүрэл медаль авсан билээ.
Н.ДАГВАСҮРЭН V БАЙРТ ШАЛГАРАВ
Тэмцээний хоёр дахь өдөр ганцхан монгол бөх медалийн төлөө хүч сорьсон нь Азийн аварга Н.Дагвасүрэн байлаа. Эрэгтэйчүүдийн 81 кг-д зодоглосон тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы бөх Доминик Ресселд ялагдан, V байрт шалгарав. ДАШТ-ий алт, хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, ОУХМ Б.Мягмардорж нар бэртлийн улмаас Дюссельдорфын “Их дуулга”-д оролцоогүй. Сонины дугаар шилжих мөчид эрэгтэйчүүдийн 90 кг-д армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, +100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар барилдаж байлаа.